О.Баасанхүү гишүүн албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа
Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.06.10/ хуваарийн дагуу хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэхээс гадна Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар санал солилцсон байна. Бүлгийн хурлын талаар АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
АН-ЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ:
-Үндсэн хууль өөрчилнө гэдэг нь үнэмлэхүй олонхоороо шийдэх асуудал бол биш. Өөрчлөх шаардлага байгаа юу гэвэл байгаа гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Өнөөдөр бид ард нийтээрээ Үндсэн хуулийг батлах ёстой шүү гэдэг шаардлагыг тавьж, хэлэлцүүлэх явцад дутуу зүйл дээрээ онцгой анхаарах ёстой бөгөөд олонхын кнопоор асуудлыг шийдэхгүй шүү гэдгийг онцлон хэлж байна. Үндсэн хуульд орж байгаа үг, өгүүлбэр, цэг таслал бүрийг бид хянана. Үндсэн хууль хэлэлцэх асуудал бид өмнө нь хэд хэдэн шаардлага тавьж байсан. Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтээс санал авах ёстой. Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэгт АН-ын зөвлөл тодорхой шаардлага тавина. Өнөөдөр ч бидний шаардлага хэвээр байгаа. Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар санал солилцлоо. Бид ОУПХ-ны удирдлагуудтай уулзаж, АН-ын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар хандаж, уулзсан. Бид энэ хэргийг зөв, шударга илрүүлж, улстөржүүлэхгүйгээр илрүүлээсэй гэж бид хүсч байгаа. С.Зориг агсны амь насаа алдсан хэргээр эрх баригчид олон удаа улстөржүүлж, сонгуульдсан. Г.Батхүү агсны хэрэг өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд мэдээлэл битүү явж байгаа нь энэ хэрэг дахин нотлогдохгүй нөхцөл байдал руу орчих вий гэсэн болгоомжлол байна. Тиймээс бид энэ байр сууриа ОУПХ-ны Хүний эрхийн хороонд өргөдөл гаргахыг зөвлөсний дагуу бид энэ нөхцөл байдлыг зөв тогтоох, үнэн мөнийг олох нь АН-аас өөр байхгүй учраас энэ асуудалд хамтран ажиллах чиглэлээр анхаарал тавьж ажиллана.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-О.Баасанхүү АН-ын зөвлөлд орох хүсэлтээ өгч байгаа гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-О.Баасанхүү гишүүн өмнө нь албан бусаар АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах талаар ярилцсан нь үнэн. Гэхдээ О.Баасанхүү хувь гишүүний эсвэл намаа төлөөлж хүсэлт тавьж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Өнөөдөр албан ёсоор хүсэлтээ ирүүлээгүй байгаа.
-Үндсэн хууль хэлэлцэх үеэр АН ажлын хэсэгт орох уу. Үндсэн хууль хэлэлцээд эхэлбэл ээлжит бус чуулган зарлаж магадгүй байна?
-Өнөөдөр албан ёсоор ажлын хэсэгт орох уу гэсэн санал ирээгүй байна. Энэ Баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ мөчөөс эхлэн цаашид өөр асуудал хэлэлцэхгүй гэж ойлгож байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ