Монгол, Сингапурын харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов

Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киатад бараалхаж, олон улс, бүс нутгийн байдал, улс орнуудын өмнө тулгамдаж буй хөгжлийн асуудлууд, хоёр орны харилцааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.



Сингапур улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Хенг Сви Киат Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын бизнесийн хүрээнийхний уулзалт болж буйд олзуурхаж байна гээд хоёр улсын Засгийн газар хувийн хэвшлийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь чухлыг тэмдэглэв.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Сингапур Улс манай улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ эхний 5 орны тоонд багтаж байгаагийн сацуу худалдаа ч өсч байна” гээд цаашид дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдав.



Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” уулзалтад оролцож, Монголын эдийн засгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив. Түүнчлэн Сингапур Улсын анхны Гадаад хэргийн сайд С.Ражаратнамын нэрэмжит Олон улс судлалын сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлогын талаар лекц уншлаа.


Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөлгөөн болж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтүүд,  гадаад бодлогын зорилтыг хангах, түүний дотор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэх зэрэг Монгол Улсын бодлогын талаар ярилцаж, үүрэг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин