Монгол хүний амь, төгрөг хоёр үнэгүйдсэнийг АН-ын жагсагчид санууллаа
АН-ын дарга С.Эрдэнэ энэ сарын 22-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга. Эрх баригчидтай асуудлыг энэ тэнцүү ярьж, нийгэмд үүсээд байгаа хямрал, ард түмний эрх ашиг зөрчигдөж байгааг таслан зогсоох, түүнээс хамгаалах, УИХ-д хариуцлага тооцох чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна” гэдгээ мэдэгдээд байсан юм.
Тэгвэл иргэдээ үнийн өсөлтөөр дарамталж, үр хойчоо халдварт өвчнөөр далайлгасан хариуцлагагүй, ёс зүйгүй Засгийн газрыг огцорч, УИХ-ыг нэн даруй тарахыг шаардсан “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”боллоо.
Мах, бензины үнэ тэнгэрт хадаж, сургуулийн сурагчид сүрьеэ өвчинд нэрвэгдэж, иргэдийн амьдрал тартагтаа тулж, яс буцалгаж өл залгуулж байгааг иргэд хэлж байна. Үүгээр ч зогсохгүй хятадуудад 50 га газар өгч, Туулын бургасыг хядаж, Улаанбаатар хот үмхийндээ живж, хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж, нийгэмд эмх замбараагүй байдал гаарч байгааг иргэд эсэргүүцэж жагслаа. Эсэргүүцлийн жагсаал орон даяар зохион байгуулагдаж бөгөөд аймаг бүрт эрх баригчдаас хариуцлага нэхэн иргэд жагсч байна.
Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн, Налайхын уурхайд гурван иргэн төрийн хариуцлагагүй байдлаас болж амиа алдаж, яам, Төрийн ордонд хүн амины хэрэг гарч, Монгол хүний амь, төгрөг хоёр үнэгүйдэснийг жагсагчид нэхэн сануулж байна. Ганцхан жилийн дотор нийслэлд авто замын ослоор 45 хүүхэд хорвоог орхиж, халдварт өвчний эрсдэл дунд амьдарч байгааг иргэд эсэргүүцэж ёс зүйгүй УИХ-ыг тарж, чадамжгүй Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсан юм. Сөрөг хүчний тавьсан шаардлагын хариуг заасан хугацаанд хүргүүлэхгүй бол хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаал үргэлжлэх болно гэдгийг Ардчилсан намын удирдлагууд мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ