Прокуророос О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарт хилийн хориг тавих санал хүргүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Монголын зэс” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт хилийн хориг тавих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр /2019.05.28/ хүргүүлжээ. Энэ асуудлыг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр хэлэлцэхээр болж, шүүх хуралдааныг эхлүүлсэн ч О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсан учраас шүүх хуралдаан хойшилжээ. Тиймээс одоо Сүхбаатар дүүргийн шүүгч шүүгчийг өөрчлөх эсэх шийдвэр гаргасны дараа О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарт хилийн хориг тавих эсэхийг шийдвэрлэх юм байна.
Мөн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 49 хувь талын холбогдох хүмүүстэй уулзуулахгүй байх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирүүлснийг өнөөдөр 11.00 цагт хэлэлцэж, прокурорын саналаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг холбогдогч нартай уулзахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Сануулахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдрөөс эхлэн 30 хоног саатуулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ