Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гордеев бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев өнөөдөр бараалхав.
Уулзалтын эхэнд, Халх голын ялалтын 80 жилийн түүхэн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар өрнүүлж буй Халхгол сумыг шинэчлэх ажлын тухай мэдээлэл өгөв.
Мөн Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил дууссаны дараа “Улаанбаатар төмөр зам”-ын тээвэр 20-30 сая тонноор өсөх урьдчилсан тооцоо гарсан талаар танилцуулж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2018 онд Владивосток хотод уулзах үеэрээ дээрх асуудлыг ярилцаж, төмөр замыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан, ОХУ-аас 100 тэрбум рубль олгох ойлголцолд хүрснийг сануулж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.
Ноён А.В.Гордеев Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудалд анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм. Мөн 100 тэрбум рублийг төмөр замын шинэчлэлийн ажилд зарцуулах боломжтой гэдгийг онцолсон.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ