П.Батсайхан: Ах минь эрүүл саруул Төрийн Ордонд очсон

Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Энэ үеэр /2019-05-28/ УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронтай албан уулзалт хийлээ. 
Уулзалтын үеэр Төр нийгмийн зүтгэлтэн Ардчилсан намын Дэд дарга Г.Батхүү агсаны учир битүүлгээр амиа алдсан хэрэгтэй холбогдуулан  Олон улсын парламентын холбоонд хүсэлт хүргүүлсэн юм.
 
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат уулзалтын үеэр хэлэхдээ "Уг асуудлыг Улс төртэй холбож, буруу шийдвэрт хүрэх вий хэмээн болгоомжлон, бид хүсэлт гаргаж байна. Мөн Г.Батхүү агсаны гэр бүлийнхэн тус хэрэгт анхаарал хандуулан ажиллах хүсэлтийг бидэнд тавьсан. Иймээс Олон Улсын Парламентын холбооны тэргүүн манай улсад ажиллаж байгаа нь цаг хугацааны хувьд таарч байгаа тул өөрийн биеэр хүсэлтээ албан ёсоор өгч байна" хэмээлээ.
 
Мөн уулзалтанд Г.Батхүү агсаны гэр бүлийн төлөөлөл, түүний дүү П.Батсайхан оролцлоо.  Тэрбээр хэлэхдээ: "Төрийн өндөр хамгаалалт бүхий Төрийн ордон дотор амь насаа алдсан хэрэг өмнө нь болж байгаагүй. Мөн ах минь эрүүл саруул хуралд оролцсон. Хурал дууссанаас хойш уг хэрэг явдал тохиолдсонд гэр бүлийн зүгээс гүнээ харамсан, яаралтай үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байна. Тиймээс Олон Улсын Парламентын холбооны зүгээс уг асуудалд хөндлөнгийн хяналт тавин хамтран ажиллахыг хүсэж байна" хэмээн Олон улсын парламентын холбооны тэргүүн Габриела Күвас Барронд хүсэлтээ гаргалаа.  
Уулзалтын төгсгөлд Олон Улсын Парламентын холбооны тэргүүн хатагтай Габриела Күвас Баррон "Хэрэг явдлыг анхааралдаа авч,  Парламентчидын хүний эрхийн хороонд холбогдох чиг үүрэг өгч ажиллах боломжоор хангахыг хичээн ажиллана" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин