АН: Ерөнхийлөгчийн УИХ-ыг өөрөө тарах уриалгыг дэмжиж байгаа
УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдэгдэл гаргасан. Мөн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүлж байна.
Судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны 8 дугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан байна.
Мөн 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах, буй зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” зөрчигдсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.
Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ