Д.Эрдэнэбат: АТГ-аас намайг яллагдагчаар татсан тогтоолд би гарын үсгээ зурсан
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан хэрэгт УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тайлбар өглөө. Тэрбээр:
-"Энэ сарын 21-ний өглөө АТГ-аас намайг дуудаж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаар яллагдагчаар татаж буй тухай прокурорын тогтоолыг танилцуулсан. Би танилцаад гарын үсгээ зурсан байгаа. Гэтэл хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдээгүй, эх сурвалж нь нотлогдоогүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хүргэсэн нь улстөржилт явагдаад байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна. Учир нь тухайн өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Хөгжлийн банкны мөн миний нэртэй холбоотой асуудлаар, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Тиймээс миний бие АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт хүргүүлж буйгаа мэдэгдэж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын дэргэд мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэх болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж би үзэж байна. Тэгэхээр энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлж байна. Олон нийтэд эх сурвалжгүй мэдээллийг тараасан улс төржсөн үйлдлийг анхааралдаа авахыг би дээрх хоёр байгууллагын удирдлагуудад хүргүүлж буйгаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ.
Мөн тэрбээр "ОХУ-ын өмчлөлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж, Монголдоо оруулж ирсэнийг зөв гэж харж байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар Монгол улс хохироогүй, гэтэл онц ноцтой хохирол амссан гэж байгааг буруу мэдээлэл гэж үзэж байна. Энэ дуулианаар Эрдэнэтийн өмнөх авлигал, хулгай, луйврыг далдлах гэж байна. Мөн өнөөдрийн үнийн хөөрөгдөл, архидал, өвчлөлийг намжаах гэж ийм дуулиан гаргаж байна гэж хардаж байгаа.Д.Эрдэнэбат гэж хүний хувьд асуудал байхгүй. Миний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд бий. Надад айдас алга. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Аж, үйлдвэрийн сайдаар ажиллаж байсныхаа хувьд би Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Өнөөдрийн үйл явцыг би улс төржилт, 2020 оны сонгуулийн эхлэл хэмээн харж байна. Тэгэхээр улс төрийг улс төрөөр хариулахаас өөр гарц бидэнд үгүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ