Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж байна

Татварын багц хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт Сангийн яам тайлбар хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “хариу тайлбар” гэх зүйл гаргаж хуульчлан тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл гаргалаа.

Нэг.Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тухай:

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоох үйл ажиллагаанд “Хууль санаачлах, УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавих” гэсэн 3 боломжийн хүрээнд оролцдог.

Монгол Улсын Ерөнхийлөгч татварын багц хуулийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч зохих үр дүнд хүрээгүй тул хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Хориг тавих Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан байдаг.

Энэ нь “хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх, УИХ-аас баталсан хууль тогтоомж нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан зэрэг тохиолдолд дахин нягтлах боломжийг УИХ-ын гишүүдэд олгох” онцгой ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгодог, үүний хүрээнд нийт ард түмнийг төлөөлөх чадамжтай байдаг зэрэг нөхцөл нь УИХ-ын шийдвэрт хориг тавих үндэслэлийг буй болгодог юм.

Үндсэн хууль судлаачид “Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн нийтлэг ашиг сонирхлын эрх зүйн баталгааг давхар хангахын тулд хориг тавих бүрэн эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгосон, хориг тавих үндэслэл нь батлагдсан тухайн хууль Үндсэн хууль бусад хуультай зөрчилдсөн, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж мэдэх, ард түмний ёс заншилд үл тохирох, цаг хугацаа алдсан буюу эртэдсэн зэргээс эхлээд амьдралд нийцэхгүй, хууль тогтоох техникийг зөрчсөн гэх мэт хууль зүйн болон зан заншил, аж амьдралын олон зүйл байж болно” гэж тайлбарласан байдаг.

Татварын багц хууль нь нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж байгаа бөгөөд эдгээр хуульд үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн олон асуудал байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү хоригийг Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу УИХ хэлэлцэж, хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын гишүүд шийдвэрлэнэ.

Харамсалтай нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар олон нийтэд хандан “Ерөнхийлөгчөөс 4 дэх хоригоо хүлээж авлаа, хоригийг хүлээж авах боломжгүй” гэх зэргээр мэдээлэл хийж, хариуцсан яамныхаа нэрээр “хариу тайлбар” гэх зүйл гаргуулан, татварын багц хуульд байгаа ноцтой асуудлуудыг далдлах, УИХ-ын гишүүд, иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх оролдлого бүхий мэдээ, мэдээллүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь төрийн ёсонд нийцэхгүйгээс гадна Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн нэн зохимжгүй үйлдэл болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10-т зааснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.4-т “Эдийн засгийн аюулгүй байдал” нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж заасан. Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа “төсөв, татвар”-ын бодлого нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотой бөгөөд энэ чиглэлийн төрийн бодлогуудыг оновчтой зөв болгох, алдаа дутагдлыг нь засаж залруулах чиглэлд ажиллах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гэхээс илүүтэй ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын асуудал юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хуульд заасан журмын дагуу төсөв, татварын бодлогод анхаарч, үндэсний аюулгүй байдал, нийт иргэн, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу төрийн эрх барих дээд байгууллагатай харилцаж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль ёсны үйл ажиллагааг гутаан саармагжуулах гэсэн үйлдлээ зогсоож, хуульчлагдан тогтсон Монгол төрийн дэг ёсыг чанд сахин, ёс зүйтэй ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уриалж байна.

Хоёр.Татварын багц хуульд туссан үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй буюу иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн ноцтой зарим асуудлуудын тухай:

1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд:

1.1.Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, татварын хувь хэмжээг үлэмж бууруулах зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Хуульд “Оюу Толгой” ХХК болон бусад aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг эзэмшигчид хамаарахгүй гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.5-д “aшигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлогод 5 хувиар” гэж заасан. Энэ нь дотоодын компаниуд үйл ажиллагаа, засаглалаа сайжруулан, ил тод болгож гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд арилжаалсан тохиолдолд татварын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн хуулийн зохицуулалт юм” гэх байдлаар тайлбарлажээ.

Батлагдсан хуулийн 20.2.5-д заасан гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах “ӨРИЙН ХЭРЭГСЭЛ” гэдэгт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.9-д заасан “үнэт цаас гаргагчаас тогтоосон хугацаа дуусмагц үндсэн төлбөр болон хүүг мөнгөн хэлбэрээр, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр тухайн үнэт цаасыг эзэмшигчид эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн болон түүнтэй адилтгах бусад үнэт цаасыг”, “НЭГЖ ЭРХ” гэдэгт Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан “хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчлэх нэрийн үнэт цаасыг” тус тус ойлгохоор байгаа.

Харин Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.2-т заасан “ӨРИЙН ХЭРЭГСЭЛ” гэсэн тодорхойлолтод “бүх төрлийн зээл..” гэж тусгасан бөгөөд энэ нь гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэлд үл хамаарах тул зээлийн хүүд ногдох татвар батлагдсан хуулийн 20.2.1-д заасны дагуу 10 хувь болж 1 дахин буурч байна.

Батлагдсан хуулийн 20.2.1-д “эрхийн шимтгэл, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон Газрын тосны тухай хуулийн дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө, даатгалын нөхөн төлбөр”-ийн орлогод 10 хувиар тооцож албан татвар ногдуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 17.2.9 дэх заалтын дагуу “ЗЭЭЛИЙН ХҮҮД” 20 хувиар ногдуулж байгаа татварыг 10 хувь болгон 1 дахин бууруулаад байна. Иймд Сангийн яамны ““Оюу толгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх хүүгийн төлбөрт ногдуулах татварт нөлөө үзүүлэхгүй” гэх тайлбар огт үндэслэлгүй юм.

Түүнчлэн батлагдсан хуулийн 22.2.4-т “…Монгол Улсад байрлдаггүй албан татвар төлөгч (Рио тинто хамаарна)-ийн Монгол Улсад олсон үйл ажиллагааны, хөрөнгийн болон …бусад орлого, мөн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч (оюутолгой хамаарна)-өөс Монгол Улсад байрлдаггүй албан татвар төлөгч (Рио тинто хамаарна)-д олгосон ногдол ашгийн гэх мэт орлогод 20 хувийн татвар ногдуулахаар заасан.

Батлагдсан хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл “ашгийн төлөө ажиллах дүрэмтэй ямар ч гадаадын хөрөнгө оруулагч, компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийж 20 хувийн татвар төлөхийн оронд хөрөнгө оруулалтаа өндөр хүүтэй зээл хэлбэрээр нийлүүлж 10-5 хувийн татвар төлөх”-ийг илүүд үзнэ. Тиймээс ийм байдлаар хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжиж болохгүй төдийгүй хуулиар тогтоосон албан татвараа зохих үйл ажиллагааных нь хүрээнд журмын дагуу авч чаддаг байх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.

1.2.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилж, нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бус ашиг олох үйл ажиллагааг хуулиар дэмжсэн зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар эрх борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулж буй 30 хувийн татвар өндөр байгааг хэлэлцүүлгийн үеэр татвар төлөгчид удаа дараа шүүмжилж, бууруулах саналаа илэрхийлж байсан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 30 хувийн татвар ногдуулж байгаа нь хууль хоорондын зөрчил үүсэж байгааг уялдуулсан” гэх байдлаар тайлбарлажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.21-д ”тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ойлгоно гэж заасан бөгөөд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар хувь хүнд эзэмшүүлэхийг зөвшөөрөөгүй. Энэ мэт иргэн, хуулийн этгээдийг ялгамжтайгаар авч үзсэн онцлогтой харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар салган, татварын асуудлыг нь тус тусад нь зохицуулдаг гэж ойлгож болно.

Нөгөө талаас Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй, мөн гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар” эзэмшүүлж болох тухай заасан бөгөөд уг хуулийн болзол, шалгуурыг хангасан иргэнд илүү хэмжээгээр газар эзэмшүүлдэг. Ийм байдлаар эзэмшиж, ашиглаж байгаа иргэдийн газрыг Сангийн яам уул уурхайн компаниудын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй адилтган үзэж, “эрх борлуулсан, шилжүүлсний орлого”-д ижил хэмжээний татвар ногдуулахаар тэгшитгэн тогтоож, уул уурхайн компаниудын татварыг үлэмж хэмжээгээр бууруулснаа зөвтгөн, хууль хоорондын зөрчлийг уялдуулсан гэх нь зүйд нийцэхгүй юм.

2.Татварын ерөнхий хуульд:

2.1.Батлагдсан хуулийн 47.3-т “Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргахдаа уг актаар нөхөн ногдуулсан татварын хүлээн зөвшөөрөөгүй дүнгийн 10 хувийг урьдчилж төлөх ба уг төлөх дүн нь 100 сая төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасан. Энэ нь  “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдаж, хязгаарласан шинжтэй байгаа.

Үүнийг Сангийн яам “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрөөгүй нөхөн татварын дүнгийн 10 хувийг урьдчилж төлж, хэрвээ татвар төлөгчийн талд гомдол шийдвэрлэгдсэн тохиолдолд урьдчилж төлсөн татварыг алдангийн хамт буцаан олгохоор хуульд тусгасан. Энэ зохицуулалт нь татварын улсын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, үндэслэлгүй акт тавихыг хязгаарлах, татвар төлөгч хугацаа хойшлуулж урт хугацаанд удаа дараа маргаан татварын өрөө төлөхгүй байх, зайлсхийх сөрөг үзэгдлийг хязгаарлах зорилготой зохицуулалт юм. Тухайлбал, татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэнээс хойш 8 жил гаруй хугацаанд татвараа төлөхгүй маргах тохиолдол байна” гэх байдлаар тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” хэмээн зааж, иргэний эрх, эрх чөлөөг хуульчлан баталгаажуулсан. Эдгээр эрхийн нэг нь дээр дурдсан “өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх” юм. Батлагдсан хуулийн 47.3-т заасан зохицуулалт хэрэгжсэнээр нөхөн ногдуулсан татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөгүй, эрсдэлтэй нөхцөлд байгаа татвар төлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ.

Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах нь төрийн үүрэг мөн гэдгийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд тодорхой заасан байдаг.

2.2.Төлөөгүй эсхүл үндэслэлгүй хураасан татварт тооцох алдангийн хэмжээг тогтоох, хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалах, дуудлага худалдаа зохион байгуулах болон шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлэх, татвар төлөгчид сануулах байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авах, зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, хүсэлтийн маягт, зөвлөмжийн маягт, зөвлөмжийг хүчингүй болгох, олон нийтэд мэдээлэх, татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг буцаан олгох зориулалттай дансыг хөтлөх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон журмуудыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан бөгөөд үүний хүрээнд өмнө нь  Засгийн газраас шийдвэрлэж ирсэн зарим асуудлыг Сангийн сайдад шилжүүлж, нэг албан тушаалтанд эрх мэдлийг хэтэрхий төвлөрүүлсэн зохицуулалтууд тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Өмнөх хуулиар Сангийн сайдын батлан мөрдүүлдэг байсан дүрэм, журмын тоог өмнөхөөс цөөрүүлж батлан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгож байна. Түүнчлэн, хуулиар эрх олгосны дагуу батлах захиргааны акт Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуульд нийцсэн байх хуулийн шаардлагатай бөгөөд эрх зүйн зөрчилтэй бол улсын нэгдсэн бүртгэлд бүртгэдэггүй. Иймд Сангийн сайд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг хөндөж хууль тогтоомжид нийцэхгүй журам батлах боломжгүй. Сангийн яам, Татварын ерөнхий газрын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж, ирүүлсэн саналд үндэслэн батлах болно” гэх байдлаар тайлбарлажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Засгийн газрын нийтлэг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлэх үндсэн бүрэн эрхийн нэг байхаар хуульчилсан бол Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх… үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх…” гэж заасан.

Үүний хүрээнд авч үзвэл “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” зэрэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг зүй ёсоор хөндөх журмуудыг Сангийн сайд дангаар батлах нь учир дутагдалтай юм.

Тиймээс Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн тодорхой эрх, эрх чөлөөг хөндөх үр дагавартай журмуудыг хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд Засгийн газар баталж, мөрдүүлэх шаардлагатай. Тодруулбал яам тус бүрийн эрхэлж буй асуудал, чиглэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж байна. Жишээлбэл иргэдийн төдийгүй улс орны ахуй амьдралтай холбоотой ажил эрхэлж буй тариаланчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, эд хөрөнгийг нь битүүмжлэх зэрэг арга хэмжээг журамлахад онцлог байдлыг нь харгалзах, салбарын сайд болон яам, агентлагийн мэргэжилтнүүдийн саналыг тусгах, Засгийн газрын бодлого, зорилтод нийцүүлэх гэх мэт зайлшгүй шаардлагууд үүснэ. Үүнтэй нэгэн адил асуудал боловсрол, эрүүл мэндийн болон бусад салбаруудад ч үүсэхээр байна.

Түүнчлэн Сангийн яам хууль тогтоох дээд байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа эхлэхээс /хориг хэлэлцэхээс/ өмнө үнэнд нийцэхгүй, үндэслэл муутай тайлбар хийж олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь туйлаас зохимжгүй юм. Тухайлбал Сангийн яамны дээр дурдсан тайлбараас “хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Татварын ерөнхий хуулиар Сангийн сайд 3 журам батлах эрх хэмжээтэй байсныг батлагдсан хуулиар 19 орчим болгож нэмэгдүүлснийг далдалсан, хууль хэрэглээг энгийн ойлгомжтой болгох асуудлыг журмаар бус тухайн хуулиар нь хийх шаардлагатайг Хууль тогтоомжийн тухай хуульд тодорхой заасан байгааг судлаагүй, Захиргааны акт, Захиргааны хэм хэмжээний акт хоёроо ялгаж, салгаж ойлгоогүй” зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байна.

2.3.Татварын албаны дарга, эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдлийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн олон зохицуулалт хуульд тусгагдсан нь татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх ноцтой үр дагаварт хүргэхээр байгаа. Тухайлбал шүүхийн шийдвэргүйгээр хэрэгжүүлэх татварын албаны өр хураах үйл ажиллагааны цар хүрээ хэт өргөссөн,  маргаан таслах зөвлөлийн эрх мэдэл, ашиг сонирхлоор асуудлыг шийдвэрлэх боломж нэмэгдсэн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргах эрхийг тусгайлан олгосон зэрэг нягталвал зохих асуудал нилээдгүй тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө тодорхойлж тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй татварын өрийг шүүхийн шийдвэргүйгээр татварын алба хураахаар тусгасан. Одоогийн харилцаанд татвар төлөгчийн нэгэнт хүлээн зөвшөөрсөн өрийг хураах асуудлаар маргаан таслах зөвлөл, шүүхийн 3 шатаар эцэслэн шийдвэрлүүлдэг үр ашиггүй, зардал ихтэй тогтолцоо байна. Татварын ерөнхий хуулиар татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчийг хангах, зөвлөгөө өгч үйлчлэх, зөвлөмж гаргах нь татварын албаны үндсэн чиг үүрэгт нийцсэн бүрэн эрх юм. Зөвлөмж нь хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргаж буй хэрэг биш юм. Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзана” гэх байдлаар тайлбарлажээ.

а/ Татварын алба өр хураах ажиллагааг явуулахдаа иргэн аж ахуйн нэгжийн бэлэн мөнгийг хураах, битүүмжилсэн эд хөрөнгийг хураах, тухайн эд хөрөнгийг нь зарах зэрэг үйл ажиллагааг шүүхийн шийдвэргүйгээр явуулах эрхтэй болж байгаа нь иргэн, хуулийн этгээдийн өмчийн болон түүнтэй холбогдох бусад эрхийг зүй ёсоор хөндөх тул Үндсэн хуульд заасан иргэний “эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрхийг хангахуйцаар зохицуулах шаардлагатай. Мөн үүний хүрээнд батлагдсан хуулийн 57 дугаар зүйл /Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд/, 58 дугаар зүйл /Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өр хураах нийтлэг журам/, 59 дүгээр зүйл /Өртэй татвар төлөгчийн хөрөнгийн байдлыг тогтоох/-ийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “гэм буруу нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтад нийцэх эсэхийг нягтлах зүй ёсны шаардлага үүснэ.

б/ Хууль тогтоомжийн тухай хуулиар “хуулийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” шаардлага тавьсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” нь Улсын дээд шүүхийн бүрэн эрх байхаар хуульчилсан. Гэтэл батлагдсан хуульд “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж” гэсэн 78 дугаар зүйлийг тусгайлан зааж, тус зүйлд татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж болох эрхийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад олгосон зохицуулалтыг тусгасан. Үүгээр татвар төлөгчөөс хүсэлт ирсэн тохиолдолд Татварын ерөнхий газрын дарга зөвлөмж хэлбэрээр хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай тайлбар өгөх эрхтэй болж байна.

Сангийн яам Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.3.6-д зааснаар хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн тохиолдолд татгалзана гэх утга бүхий тайлбар хийсэн. Гэвч уг 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “татвар төлөгчийн зөвлөмж гаргуулах хүсэлтийг дараах тохиолдолд татварын ерөнхий байцаагч хүлээн авахаас татгалзаж болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн энэ зүйлд “хөрөнгө оруулалтын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээ, тогтворжуулалтын гэрчилгээтэй холбогдох татварын харилцааг тусгасан асуудлаар зөвлөмж хүссэн” татвар төлөгчийн хүсэлтийг Татварын ерөнхий газрын дарга хүлээн авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн утга илт байгаа бөгөөд үүнийг асуудалд ашиг сонирхлоор хандах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэж үзэж болох юм.

Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн баримт бичгийн дагуу Оюутолгой ХХК-д татварын илт давуу байдал олгож, ийм төрлийн эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг үйлдсэн нь хуулийн байгууллагаар шалгагдаж буйг анхаарах шаардлагатай гэдгийг хоригт тодорхой дурдсан.

2.4.Татварын улсын байцаагч, хураагчийн гаргасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учирсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна гэсэн утга бүхий зохицуулалт тусгагдсан.

Үүнийг Сангийн яам “Татварын улсын байцаагч үндэслэлгүй, эрх зүйн зөрчилтэй нөхөн ногдуулалтын акт үйлдэж татвар төлөгчдийг хохироох явдлаас сэргийлэн, татварын улсын байцаагч, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой хуулийн зохицуулалт юм. Шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийн татварын улсын байцаагч, хураагчийг хариуцлагажуулсан дээрх зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хориглосон зохицуулалттай нийцсэн ба татвар төлөгчдөд үзүүлдэг татварын улсын байцаагчийн хууль бус дарамт, нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн зохицуулалт юм” гэх байдлаар тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “…Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуульд заасан энэ дарааллыг алдагдуулах нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны үр дүнг бууруулах, авлига хээл хахуулийн суурийг бэхжүүлэх болон иргэн, хуулийн этгээдийн хувьд захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учирсан хохирлоо төлүүлж чадахгүйд хүрч мэдэх сөрөг үр дагаврыг шууд үүсэхээр байгаа юм.

Түүнчлэн батлагдсан хуулийн 86 дугаар зүйлд энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Гэтэл Татварын ерөнхий газар дагаж мөрдөх хугацаа нь болоогүй төдийгүй хүчин төгөлдөр болоогүй хуулийг баримтлан, татварын улсын байцаагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх журам боловсруулж, нэгжүүддээ хүргүүлсэн байгаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийг гажуудуулж,  эрх мэдлээ хэтрүүлсэн ноцтой зөрчил гэж үзэж байна.

3.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд:

Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд орлогын татвар төлөгчдийг аль болохоор өөрийн улсын байнга оршин суугч татвар төлөгч хэвээр байлгах, гадаадын өндөр орлого бүхий хүмүүсийг байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгэх болон татварыг нь улсдаа үлдээхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд манай улс ч энэ бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэтэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд шинээр орсон 5.3.2 дахь заалт болон 5.4 дэх хэсэг нь уг бодлогын эсрэг гэж үзэж болохоор зохицуулалт болсон. Өөрөөр хэлбэл, эдгээр заалтыг ашиглан “гадаадын болон дотоодын компани хооронд байгуулсан гэрээнд Монголд ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний цалинг бүхэлд нь эсвэл 50-иас дээш хувийг нь гадаадын компаниас олгох заалт оруулах, тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний ажил, амралтын хугацааг оновчтой болгох шийдлээр халхавчлан үргэлжилсэн 12 сарын хугацаанд Монгол улсад байх хугацааг 183 хоногоос бага байхаар зохицуулсан /ингэж зохицуулах боломжтой/ тохиолдолд ялангуяа оршин суугч бус татвар төлөгчдөөс Монгол Улс татвар авч чадахгүй болох нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Үүнийг Сангийн яам тайлбарлаагүй орхижээ.

Татварын багц хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсаныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-д албан бичгээр уламжилж залруулга хийсэн. Хуулийн нэрийг андуурч бичсэн техникийн алдаа нь хоригийн утга агуулгыг алдагдуулахгүй боловч ажил үүрэгтээ хайнга хандсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны хариуцлагагүй үйлдэл мөн тул Төрийн албаны хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэсэн болно.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт “…хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зүй ёсоор хөндөж байгаа татварын багц 32 хуулийг 5 хоногийн хугацаанд багтаан судлах явцад зохимжгүй алдаа гарсанд харамсаж байна.

Сангийн сайд, Сангийн яамны зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны гаргасан энэ зохимжгүй алдааг ашиглан, Ерөнхийлөгч хүчингүй болсон, байхгүй хуульд хориг тавьсан гэх мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг санаатайгаар түгээж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон төрийн дэг ёсыг үл тоомсорлосон үйлдэл хийсэнд мөн харамсаж байна.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин