Перл-Харборын дайралтыг үзсэн америкийн хамгийн ахмад дайчин нас баржээ
АНУ-ын Перл-Харборын тэнгисийн цэргийн баазад Япон халдсаныг нүдээр үзсэн америкийн хамгийн ахмад дайчин Рэй Чавес өнгөрсөн лхагва гарагт 106 настайдаа нас баржээ. Телевизийн “Fox News” суваг ингэж мэдээлсэн байна. Тэр Калифорни мужид нас баржээ.
1941 онд Чавес АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Кондор” хөлөг онгоцонд ахлагчаар алба хааж байсан байна. Перл-Харборт миний харсан зүйл сэтгэлд гүн шарх үлдээсэн юм гэж тэр нэг удаа хэлж байжээ.
“Тэр өөрийгөө хамт алба хааж байсан бусад хүнээс онцгой хэмээн хэзээ ч үзэж байгаагүй” гэж түүний охин хэлж байжээ. “Би баатар биш. Би өөрийн хийх ёстой ажлыг л хийсэн хүн” гэж түүний хэлж байсныг Чавесын охин дурдсан байдаг байна.
Рэй Чавес уран зохиолын ном унших дуртай, их аялдаг хүн байжээ. Тэр Сан-Диегогийн Калифорнийн их сургуульд газар зохион байгуулагчийн албан тушаалд 30 жил ажиллаж, дараа нь 96-тайдаа тэтгэвэрт гарах хүртэл өөрийн ландшафтын төсөл болон бизнесийг удирдаж байсан байна.
1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Японы нисэх онгоц тээгч хөлөг онгоцны нисэх онгоцууд Гавайин арал дахь АНУ-ын Перл-Харборын баазад цохилт өгсөн юм. Ингэснээр 20 хөлөг онгоц, 188 нисэх онгоц маш их эвдэрч, 2403 хүн амь үрэгдэж, 1178 хүн шархадсан байна. Японы тал 20 нисэх онгоц, таван жижиг шумбагч хөлөг онгоцоо алджээ. Дараа өдөр нь буюу арванхоёрдугаар сарын 8-нд АНУ Японд дайн зарлаж, дэлхийн хоёрдугаар дайнд орсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ