Мексикууд хууль бус цагаачдыг эсэргүүцэн жагсч байна
АНУ-тай хил залгаа Мексикийн Тихуана хотын оршин суугчид Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдыг эсэргүүцэн жагсч эхэлсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Жагсагчид Тихуана дахь ацтекуудын хаан Куаутемокийн хөшөөний өмнө цугларч, Мексикийн төрийн далбаа барин үндэснийхээ сүлд дууг дуулж, “Зайл, зайл” хэмээн хашгирч байгаа аж.
Сүүлийн долоо хоногийн дотор тус хотод АНУ-д цагаачлах хүсэлтэй Төв Америкийн гол төлөв Хондурас, Салвадор, Гватемалын гурван мянга орчим иргэн хүрэлцэн ирсэн ба ойрын үед арван мянгаас ч давах төлөвтэй.
Тэд эх оронд нь газар авсан ядуурал, мафийн дарангуйллаас зугтан АНУ-аас улс төрийн орогнол хүсэхийг зорьж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль бус цагаачдын түрэлтийг тогтоохын тулд улсынхаа өмнөд хил рүү олон мянган цэрэг нэмж илгээхэд хүрчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ