Калифорнийн түймэрт амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна
АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 59 болж нэмэгдсэн тухай тус муж улсын эрх баригчид мэдээллээ.
Калифорнийн хойд хэсэгт асч байгаа түймэрт 56 хүн амиа алдлаа гэж Бьют тойргийн цагдаагийн газрын дарга Кори Кони хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. Мөн 130 орчим хүн одоог хүртэл сураггүй болсонд тооцогдож байна. Тус муж улсын өмнөд хэсэгт оршдог Малибу хотын орчимд наад зах нь гурван хүн амиа алджээ. Одоогийн байдлаар түймрийн нийт талбай 55 мянган га-гаас давсан байна. Гал сөнөөгчид салхины эрч суларсныг ашиглаж, түймрийн тархалтыг ойролцоогоор гуравны нэгээр хязгаарлахын тулд суваг шуудуу ухаж чаджээ. Түймрийн томоохон хэсэг хүрч очиход хэцүү газар асч байна.
Лхагва гарагт 287 аврагч түймэрт амиа алдсан хүмүүсийн цогцсыг хайхад туслахаар гамшгийн бүсэд иржээ. Эрж хайх ажиллагаанд нийт 461 хүн, 22 сургуультай нохой оролцож байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг таних ажиллагааг түргэн шуурхай явуулах зорилгоор ДНХ-гийн шинжилгээгээр цогцсыг хурдан таних системийг Бьют тойрогт хүргэсэн байна. Одоогийн байдлаар 47 цогцсыг хэн болохыг нь тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ