Германд цэргийнхэний хуйвалдааныг илрүүлжээ
Германы эрүүгийн цагдаагийн ерөнхий газар улс төрчдийн амь насыг бүрэлгэхээр төлөвлөж байсан германы цэргийнхэний хуйвалдааныг илрүүлсэн байна.
Мөрдөн байцаалтын материалыг иш татан Focus сайтад бичсэнээр, хуйвалдаанд бундесвер, түүнчилэн элит цэргүүдийн “Uniter” холбооны цэргийн албан хаагчид оролцжээ.
Хуйвалдагчид “нэг икс өдөр” зарим улс төрчийн амь насыг бүрэлгэх бодолтой байсан нь хүчнийхэнд тодорхой болсон байна. Амь насаараа хохирч болох хүмүүсийн бүрэн жагсаалтын тухай мэдээ одоогоор байхгүй байгаа бөгөөд бундестаг дахь Зүүний намын фракцийн тэргүүн Дитмар Бартч жагсаалтад орсон нь тодорхой болжээ.
Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд хуйвалдаанд оролцогчид зэвсэг, сум хэрэгсэл олж авч, түлш нөөцөлснийг материалд бас дурджээ.
Хэргийг мөрдөн шалгах явцад бундесверын цэргийн албан хаагч Франко А гэгчийн хэргээс хуйвалдааны шинж тэмдэг илэрсэн байна. Германы иргэн энэ цэрэг өөрийгөө Сирийн дүрвэгч гэсэн худал мэдээллийг цагаачлалын албанд өгчээ. Ингэж худал мэдээлсэн нь үйлдэх террорын ажиллагааны бурууг дараа нь цагаачдад тохох зорилготой байсан байна.
Үүнээс гадна, сайтад бичсэнээр, цэргийн сөрөх тагнуулын албаны нэг ажилтан хэргийг мөрдөн шалгахад саад хийж байсан бөгөөд нэгжлэг хийх гэж байгаа болон тэдний хэргийг мөрдөн шалгаж байгаа явцын тухай хуйвалдагчдад мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ