Индонезид бүхээгтээ 189 хүнтэй “Boeing 737 MAX 8” онгоц сүйрчээ
Индонезид Жакарт-Панкалпинанг чиглэлээр JT-610 нислэг үйлдэж байсан “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” онгоц Жакартын нисэх буудлаас хөөрөөд 13 минутын дараа радарт харагдахаа больсон бөгөөд Ява арлын баруун эргээс холгүй далайд унасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус онгоцны бүхээгт 181 зорчигч, хоёр нисгэгч, зургаан үйлчлэгч, нийт 189 хүн байжээ.
Аврах багийнхан далайд онгоцны хэлтэрхий, зорчигчдын эд зүйлсийг илрүүлжээ. Одоогоор амьд үлдсэн хүн олдоогүй байна.
Индонезийн тээврийн яамны төлөөлөгч Бамбанг Эрваны мэдэгдсэнээр, осол болохоос өмнөхөн онгоцны ахлагч Жакартын нисэх буудалд эргэж буух зөвшөөрөл хүссэн аж.
“Lion Air” компаниас мэдээлснийг үзвэл сүйрсэн онгоцыг 2018 онд үйлдвэрлэсэн ба анх наймдугаар сарын 15-нд нислэгт гарчээ. Онгоцны ахлагч Бхавье Сунея зургаан мянга, хоёрдахь нисгэгч Харвино таван мянган цагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгчид байжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ