“Конг Рэй” шуурга Японы өмнөд нутагт дэгджээ
Энэ долоо хоногт Япон улсад хоёр хүчтэй шуурга дэгдсэний нэг нь “Конг Рэй” шуурга болсон бөгөөд байгалийн гамшигт уг үзэгдлийн улмаас олон хүн гэмтэж бэртсэн байна. Шуурганаас үүдсэн хүчтэй салхины улмаас далайн өндөр давалгаа үүсэх төлөвтэй байгаа юм.
Тус улсын цаг уурын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар өнөө өглөөний 11:00 цагийн байдлаар шуурга Нагасаки мужийн Цушима хотын баруун хэсгээс хойд зүгийг чиглэн 140 км/цагийн хурдтай урагшилж байгаа аж.
“Конг Рэй” шуурга Японы баруун өмнөд хэсгийн нутгууд болон Өмнөд Солонгост хүчтэй салхи үүсгэх төлөвтэй байна. Цахилгаан эрчим хүчний “Кюшү” компанийн мэдээлснээр, Нагасаки мужийн 9 мянга гаруй өрхийн цахилгаан хангамж тасалдсан аж. Түүнчлэн агаарын тээврийн компаниуд дотоодын 20 гаруй нислэгээ цуцалсан бөгөөд цаг агаарын сүүлийн үеийн мэдээг тогтмол үзэхийг аялагчдад зөвлөсөн байна.
Шуурга дайран өнгөрөх чиглэлд амьдарч буй ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ