Өөрийн хүслээр цэцэрлэгт орсон Буянаа хүүгийн буйдхан амьдрал
аван настай хүү өөрийн хүсэлтээр улсын цэцэрлэгт орсон тухай мэдээлэл сошиал орчинд тархсан билээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан ирж, үүдэнд нь суух болсныг тус цэцэрлэгийн хамт олон анзаарч, өөрийн цэцэрлэгтээ бүртгэн авсан байна. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа “Есдүгээр сарын 25-нд таван настай хүүхэд манай цэцэрлэгийн үүдэнд ирээд явахгүй байна гэж ажилтнууд маань хэлсэн. Яагаад суугаад байгааг нь лавлатал “Би цэцэрлэгт л явмаар байна” гэсэн. Тэгэхээр нь ээж, аавыгаа дагуулаад ир гэтэл “Аав, ээж загнана” гээд яваагүй. Тиймээс цэцэрлэгийн ажилтнаа цуг явуулж ээжийг нь ирүүлсэн. Ээж нь ойролцоох байрны СӨХ-д ажилладаг юм билээ. Ингээд ээжтэй нь уулзаж хүүхдийг нь цэцэрлэгтээ авъя, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад ир гэсэн юм. Гэтэл маргааш өглөө нь хүү ганцаараа ирчихсэн сууж байсан. Хүүгийн ээж ажилд ороод удаагүй байсан учраас шинжилгээнд хамруулах боломжгүй байсан юм билээ. Тиймээс бид хүүг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж, усанд оруулан, хувцаслаж цэцэрлэгтээ оруулсан. Өчигдөр шинжилгээгээ өгчихөөд шууд л цэцэрлэгтээ явж эхэлсэн" гэсэн юм.
Дээрх мэдээллийн дагуу www.zindaa.mn сайтын сурвалжлах баг цэцэрлэгт орж чадсан сэргэлэн хүүтэй танилцахаар нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийг зорьсон юм. Биднийг 17:00 цагт хүрч очиход эцэг, эхчүүд хүүхдүүдээ авахаар ирцгээж байлаа. Азаар хүү цэцэрлэгтээ байж таарав.
135 дугаар цэцэрлэгийн үүдээр оруут л жижүүрээсээ эхлээд тус цэцэрлэгийн хамт олон биднийг ямар ажлаар явааг шууд л таачихсан “Буянаа хүүг хайж явна уу” гэсээр угтсан юм. Тус цэцэрлэг хичээлийн хоёр байртай ажээ. Өнгөрсөн жил гадна фасадаа засварласан тул өнгө үзэмж сайтай цэцэрлэг байлаа. 1993 онд байгуулагдсан 135 дугаар цэцэрлэг 16 бүлэг, 680 хүүхэдтэй. Улсын цэцэрлэгүүдийн нэгэн адил хүчин чадлаасаа давсан хүүхэд хичээллэдэг хэдий ч Буянаа хүүг авсан тухайгаа цэцэрлэгийн хамт олон хэлж байлаа.
Бидний хайж очсон хүүг Г.Буянбаатар гэдэг ажээ. Хүү таван настай тул “Ахлах А” бүлэгт буюу боловсролын тэргүүний ажилтан Ц.Догсмоо багшийн ангид суралцуулахаар болжээ. Ц.Догсмоо багш тус цэцэрлэгийн туршлагатай, сайн багш нарын нэг бөгөөд цэцэрлэгийн багшаар 30 жил ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр Буянаа хүүг анх анхаарч, цэцэрлэгийн эрхлэгчтэйгээ уулзуулсан хүмүүсийн нэг төдийгүй хамгийн түрүүнд сошиалд мэдээ түгээсэн хүн юм байна.
Ц.Догсмоо багшийн хариуцсан анги хүүхдүүдийг амьтантай танилцуулах анги аж. Ангид нь яст мэлхий, загас, тоть зэрэг амьтад байв. Буянаа хүүг цэцэрлэгт ирсэн анхны өдрийн талаар Ц.Догсмоо багш “Хоёр өдрийн өмнө л болсон явдал. Хүүхдүүд цэцэрлэгтээ ирэх үеэр нэг хүүхэд өөрөө хүрч ирээд л цэцэрлэгийн үүдэнд суучихсан. Үүдний жижүүр анх харсан юм. Тэгээд эхний өдрөө л цэцэрлэгийнхний анхааралд өртөж, цэцэрлэгийн зүгээс ээжийг нь олж уулзсан. “За танай хүүхэд энэ цэцэрлэгт л явна гээд байна. Хүүхдийн хүслийг харгалзан үзээд танай хүүхдийг авахаар шийдлээ, эрүүл мэндийн шинжилгээг нь хийлгээд ир” гэсэн. Гэтэл маргааш нь Буянаа мөн л ганцаараа хүрээд ирсэн. Ингээд цэцэрлэгийнхэн ярилцаж байгаад хүүг цэцэрлэгтээ хүлээн авах бүх талын ажлыг хариуцан хийхээр болсон. Бид Буянааг усанд оруулж, хувцаслаад эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан. Ингэж л бидэнтэй нэгдсэн юм даа” хэмээн хуучилсан юм.
Буянааг цэцэрлэгт явж эхэлсэн хоёр хоногийн хугацаанд Ц.Догсмоо багш хүүг өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, сэргэлэн цовоо, бусад хүүхэдтэй найрсаг харилцаатай, өөртөө үйлчлэх дадлууд нь сайн хөгжсөн болохыг ажигласан байна. Буянаа хүү нүүр гараа сайн угаадаг, ширээндээ зөв сууж хооллодог, унтахдаа хувцасаа чамбай эвхэж тавьдаг тухай багш нь магтаж байлаа.
Ц.Догсмоо багш цэцэрлэгт болсон өдөр тутмын үйл явдлаа гэрэл зургаар баримтжуулж ажилладаг юм байна. Тэр дадлынхаа дагуу Буянаа хүүгийн зургийг дарсан байна. Улмаар сэргэлэн хүүгийн тухай мэдээллийг фэйсбүүк хуудастаа нийтэлжээ. Гэтэл сошиал орчинд хүүгийн тухай мэдээлэл дорхноо тархаж, нэг шөнийн дотор 8000 хүн лайк дарж, 700 хүн сэтгэгдэл бичиж, 700 шейр хийсэн байна.
Буянаа хүүг цэцэрлэгт явахад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг 135 дугаар цэцэрлэгийн хамт олон дундаасаа гаргаж өгчээ. Мөн багш нар өөрсдийн хүүхдүүдийнхээ хувцаснаас илүүчилж, солих хувцас авчирч өгсөн байна. Хүүд туслах гэсэн сайн санаат хүмүүс ч эхнээсээ ирэх болжээ. Нэгэн залуу өвлийн шинэ гутал бэлэглэсэн байна. Ангийн хүүхдүүд нь ч түүнийг найрсгаар хүлээн авсан аж. Биднийг Буянаа хүүтэй уулзаж байхад ангийн хүүхдүүд нь ярианд оролцож “Энэ чинь миний найз” хэмээн өмчирхөж байсан шүү. Ийнхүү биднийг Буянаатай танилцаж байх хооронд хүүгийн ээж хүрээд ирэв. Хүүгийн ээжийг Б.Үүрийнцолмон гэдэг аж. Тэрбээр 27 настай бөгөөд 135 дугаар цэцэрлэгийн хажууд байрлах 10 дугаар байранд орцны жижүүрээр ажилладаг юм байна. Б.Үүрийнцолмонг ирэхэд Ц.Догсмоо багш “Буянаа хүүгээ сургуульд ороход нь шаардлагатай чадвар дадлыг цэцэрлэгийн зүгээс бүгдийг заах болно. Манай цэцэрлэгийн хамт олон хүүг авсандаа баяртай байгаа. Одоо чи хүүдээ санаа зоволтгүй ажлаа хийж болно. Харин хүүгээ цагт нь ирүүлж, цагт нь авч байгаарай. Мөн өвтгөж болохгүй шүү” хэмээн захисан юм. Ингээд Буянаа хүүгийн ээж Б.Үүрийнцолмонтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
Б.Үүрийнцолмон: Цалингаараа хоол хүнсээ цуглуулна. Бас хөргөгч авна гэж бодож байгаа
-Хүү нь цэцэрлэгт орсон байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хүүгээ цэцэрлэгт орсонд их баяртай байгаа. Миний хүү “Ээжээ би тоглолоо” гээд явсан юм. Тэгсэн чинь багш дагуулаад ороод ирсэн. Цэцэрлэгийн эрхлэгч болон багш нарт маш их баярлаж байна. Хүүгээ цэцэрлэгт оруулна гэдэг том ажил.
-Өмнө нь хүүгээ цэцэрлэгт өгч байсан уу?
-Баянзүрхийн товчооны дэргэд үнээ саах ажил хийдэг байсан. Тэр үедээ төлбөртэй цэцэрлэгт хүүгээ өгөх гэж үзсэн. Сарын 80 мянган төгрөг гэсэн. Төлбөрийг нь дийлэхгүй болохоор хүүгээ цэцэрлэгт хэдхэн хоног явуулаад гаргачихсан юм.
-Буянаа хүү хэр сайн хүүхэд вэ?
-Миний хүү чинь хүмүүстэй их нийтэч харьцаатай. Гудамжинд явж байгаа зүс таних хүмүүстэй дандаа мэндэлдэг. Их өхөөрдмөөр хүүхэд. “Би ээждээ хайртай. Ээжийгээ явуулахгүй” гэдэг юм. Таван настай байж 100 хүртэл тоолж чаддаг сайн хүүхэд байгаа юм. Одоо цэцэрлэгт орчихсон юм чинь их юм сурах байх. Хүмүүс хараад бөх болох хүү байна гэдэг. Цэцэрлэгийнхэн миний хүүгийн үсийг засаад, хувцсыг нь солиод бүр хөөрхөн болгочихсон байсан.
-Та хүүхдээ ямар хүн болгож хүмүүжүүлнэ гэж боддог вэ?
-Хүүгээ өөрийнхөө сургаагүй зүйлийг сургаж, хүнээс дутахгүй явуулна гэж боддог доо.
-Хүүгээ цэцэрлэгт өгсөн болохоор сэтгэл амар ажлаа хийж байгаа байх. Шинэ ажилдаа хэр дасаж байна вэ?
-Би орцны жижүүр, цэвэрлэгчээр ажилд ороод гурав л хонож байна. Нэг найз маань энд ажилд оруулж өгсөн юм. Ажилтай ч болоод, хүү маань ч цэцэрлэгт ороод сайхан байна.
-Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?
-Би айлд дөрвөн жил үнээ сааж байгаад л хот руу ирсэн. Олон үнээтэй айлд тусалдаг байсан юм. Ажилладаг айлдаа “Хотод ажил хийж үзье” гэж хэлсэн чинь “Хэцүү байвал буцаад ирээрэй” гээд үлдсэн. Дөнгөж хотод орж ирээд байсан болохоор хүүгээ цэцэрлэгт өгч чадахгүй байсан. Харин сайхан сэтгэлтэй хүмүүс таараад хүүг маань цэцэрлэгт авлаа.
-Жижүүрийн өрөөнд амьдрах ямар байна вэ?
-Жижигхэн л байдаг юм. Гэхдээ ээж, хүү хоёрт болно оо. Бага багаар төвхнөөд л байна.
-Хэдэн орц хариуцаж ажилладаг вэ?
-Хоёр орц хариуцна. Өглөө 06:00 цагт босоод цэвэрлэгээгээ хийдэг. Тэгээд өдөр нь хогоо гаргах, бохирдсон хэсгийг дахиж цэвэрлэх байдлаар ажилладаг. Орой 09:00 цаг өнгөрөөгөөд хогоо гаргаж хаядаг. Цалин сарын 380 мянган төгрөг гэсэн. Ажилд ороод удаагүй болохоор одоохондоо цалингаа авч үзээгүй л байна.
-Цалингаа буухаар хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Цалингаараа хоол хүнсээ цуглуулна. Бас хөргөгч авна гэж бодож байгаа. Айлд хамгийн хэрэгтэй нь хөргөгч байдаг юм байна. Зай багатай ч гэсэн авдраа жаахан зайчлаад хөргөгчөө байрлуулна. Энэ авдрыг би анхныхаа цалингаар авч байсан юм. Миний анхны цалин 150 мянган төгрөг байсан. Мөнгөө цуглуулж чаддаг хүнд бол амьдарч болох л мөнгө. Даанч би 150 мянган төгрөгөөрөө хоол унд аваад л дуусгачихдаг байсан.
-Цэвэрлэгээний ажил ачаалалтай байна уу?
-Гайгүй хөнгөн ажил юм байна. Өмнө нь би үхэр саагаад, том боодолтой өвс зөөгөөд явж байсныг бодвол хөнгөн ажил. Хажуугаар нь хүүгээ харах завтай байдаг нь таалагдаж байгаа. Ер нь би ажил голж мэдэхгүй. Гэхдээ хүү маань бага болохоор хүссэнээрээ ажил хийж болохгүй юм.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би дөрөвдүгээр анги төгсөөд л сургуулиас гарчихсан юм. Яармагийн 63 дугаар сургуульд сурдаг байсан. Багаасаа аав, ээжээсээ өнчирсөн болохоор сургуульд сурах боломж байгаагүй.
-Өөр ах, дүү байгаа юу. Хаана, юу хийдэг хүмүүс байдаг вэ?
-Аав, ээжээс зургуулаа үлдсэн боловч алдсаар байгаад эгч, дүү гурвуулаа үлдсэн. Одоо эгчтэйгээ л хааяа утсаар ярьдаг. Түүнээс дотно биш ээ. Би өлсөж байсан ч бусдаас тусламж гуйх дургүй, зөрүүд хүн байгаа юм. Манай эгч, дүү хоёр хотод байдаг. Дүү маань Баруунсалаанд байдаг гэсэн. Бид нар хоорондоо уулзаад байдаггүй юм. Өөр өөрсдийнхөө амьдралыг л авч яваа хүмүүс.
-Хүүгийн аав хаана байгаа вэ?
-Аав нь хүүг гурван настай байхад нь өөр авгай аваад явсан. Хаяж явснаасаа хойш ерөөсөө холбоо бариагүй. Зарим хүн хүүгээс аавыг нь асуухаар “Манай аав өнгөрчихсөөн” гэж хэлдэг гэсэн.
-Хүүгийн нэрийг хэн өгсөн бэ?
-Хүү маань наадмаар долдугаар сарын 11-нд төрсөн юм. Хүүг маань буянтай, баатарлаг хүн болоорой гээд манай хадмын талаас нэр хайрласан .
-Хүүгээ цэцэрлэгт оруулчихлаа. Өөр танд юу хэрэгтэй байна вэ?
-Ээж хүү хоёр болоод л байна. Энэ ажил маань хамаагүй гадуур явж болдоггүй юм байна. Орцоо эзэнгүй орхиж болохгүй. Гэхдээ яаж ийгээд зав гаргаад хүүхдийнхээ мөнгөнд бүртгүүлмээр байна. Улсаас өгдөг 20 мянган төгрөгийг нь авч чадахгүй байгаа юм. Бичиг баримт бүрэн байгаа л даа. Ганцхан бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Харьяалал маань Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикт байдаг.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Ээж, хүү хоёр тогоо дүүрэн шөлтэй хоол хийжээ. Гэрийн хоол амттай гэдэг дээ. Хоёр биендээ түшиг болсон та хоёртоо сайн сайхныг хүсье. Биднийг ээжтэй нь ярилцаж байх хоорон Буянаа хүү хумсаа авч байгаа харагдсан. Таван настай гэхэд сүрхий биеэ даасан байгаа биз? Тэр мөн бидэнд “Маамуу нааш ир” дуу дуулж өгөхийн зэрэгцээ Манжин үлгэр ярьж өгсөн. “...Өвөө манжин тарьжээ. Өвөө манжингаа татаад, татаад бас л дийлсэнгүй ээ...” гээд л хэвлүүхэн уншсан. Тэр ээжийнхээ талаар “Ээж хог түүдэг ажил хийдэг. Хог хаяж болохгүй” гэлээ. Том болоод багш болох хүсэлтэй гэнэ. Бас “Аавыг маань Ганаа гэдэг. Аав маань дуу дуулах гээд явсан. Би аав, ээжтэйгээ амьдардаг. Надад зөндөө машин байгаа” гэсэн юм. Гэхдээ хүүгийн хэлсэн шиг амьдрал түүнд байхгүй ээ. Магадгүй Буянаа хүү өөрийн төсөөллийн ертөнцдөө амьдарч байж ч мэднэ.
Энэ дашрамд, Буянаа хүүг халуун дотноор хүлээн авсан А.Анхмаа эрхлэгчтэй 135 дугаар цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлье. Сайн үйлс, дэлгэрэх болтугай.
М.Хангал
www.zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ