Х.Амгаланбаатар:Ажил хаялт бол хууль ёсны үйл ажиллагаа

Цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан багш нар өнөөдрөөс дахин ажил хаялаа. Шинэ хичээлийн жилийн эхлэлтэй зэрэгцсэн ажил хаялтыг хууль ёсны үйл ажиллагаа хэмээн МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдэгдлээ.

 Тэрбээр Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс нэмэх үндсэн үүргээ биелүүлсэнгүй. Тиймээс МҮЭХ-ноос энэ оны тавдугаар сараас ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулж, Засгийн газарт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгосон. Харамсалтай нь Засгийн газар цалин хөлс нэмэгдүүлэх хэлэлцээрийг хоёр удаа хийсэн ч шийдэлгүй хүрээгүй. Тэгсэн атлаа Засгийн газар бие даан, хэлэлцээрийн заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс багш нар Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил хаялтыг эхлүүлж байгааг мэдээлэв.

 

Ажил хаялт маргаашнаас өргөжиж, хүрээгээ тэлнэ гэдгийг тэрбээр хэлж байна. Мөн ажил хаялтын улс төрийн сонирхлоор хийгээгүй гэдгийг онцлов.

 

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын цалинг 8-30, соёл урлагийнхныг 8-27, боловсрол, шинжлэх ухааны салбарын цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэрийг гаргаад буй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ