Хүүхэд хамгааллын асуудлаар бүх шатанд төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхээр боллоо

Хүүхэд хамгааллын талаар мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцлагын асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн өргөтгөсөн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлын тухай албан даалгаврыг гаргаж, гурван сар тутам хэрэгжилтийг нь танилцуулж байхыг холбогдох газруудад үүрэг болгож байна. 

Даалгаврыг ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын Сайд, ХНХ-ын Сайд, ХЗДХ-ийн Сайд, Шадар Сайд гээд бүхий л салбар чиглэлээр гаргасан. Даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангахад оршиж байгаа. 

Сүүлийн үед хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үзлэг шалгалт явуулахыг мөн даалгаж байна.Нэгдсэн үзлэг шалгалтын хүрээнд зам тээврийн хөдөлгөөнөөс авхуулаад сургууль, цэцэрлэгийн орчин, тоглоомын талбай, гудамж гэх мэт бүх орчинд үзлэг шалгалт хийж хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг холбогдох яамд болон газруудад үүрэг чиглэл болгосон. 

Мөн хувийн хэвшил, ААН, иргэддээ хандан хүүхдийн эрхийг  хамгаалах, амьдрах суралцах орчинг аюулгүй  байлгах чиглэлээр үнэлгээ хийхийг уриалж байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ