Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 6.9 их наяд төгрөгт хүрчээ
Уул уурхайн салбар 2018 оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 851.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Тэр дундаа зэс, нүүрсний экспортоос төвлөрүүлсэн татварын хэмжээ жин даржээ.
Улсын төсөвт төвлөрүүлсэн энэхүү дүнг өнгөрсөн оны мөн үетэй нь харьцуулахад 245.5 тэрбум төгрөг буюу 40.5 хувиар өссөн байна. Энэ нь түүхий эдийн үнийн өсөлт, экспорт нэмэгдсэнээс шалтгаалжээ. Тодруулбал, аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний таван сарын байдлаар 6.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байна.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 4.8 их наяд төгрөгт хүрсэн нь мөн 807.6 тэрбум төгрөг буюу 20.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Тэр дундаа нүүрс олборлолт 1.7 их наяд, металлын хүдэр олборлолт 2.6 их наяд төгрөгт хүрч өссөнийг онцолж болно.
Ерөнхийдөө аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл эхний таван сарын байдлаар зургаан их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 23.2 хувийн өсөлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ