"Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум долларын орлого орж ирнэ"

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирээд байгаа юм.

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Тавантолгойн хувьцааны 20 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэддээ тэнцүү хувааж эзэмшүүлсэн.

Засгийн газрын зүгээс нийт хувьцааны 29.95 хувийг гадаадын хөрөнгийн биржид гаргах боломжтой гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ нийт хувьцааны 25 хувийг арилжаалах шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг хангаж байгаа. Их хурлаас тогтоол шийдвэр гараад ирвэл бидний ажиллах эрх зүй нээгдэнэ.

Хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар хэд хэдэн саналыг боловсруулсан. Компанийн урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Ер нь бол компанийн засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулалтын хэрэглээг нарийн тооцох, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллана. Гаргасан хувьцаанд төрийн эзлэх хувь хэмжээ 50-иас дээш хувьтай байна гэдгийг хуульчилж өгөх ёстой гэж үзэж байгаа.

Тавантолгой төсөл хэрэгжсэнээр бид жилд 2.8 тэрбум долларын экспортын орлого орж ирнэ. 5400 орчим ажлын байр бий болно гэх эхний ээлжийн тооцоо судалгаа гараад байна. Ер нь Тавантолгой төсөл Монгол Улсын хамгийн том төсөл болон хэрэгжинэ.

Бид гадны хөрөнгийн биржүүдийг судлаад хамгийн таатай нөхцөл өгсөн бирж дээр гарахаар төлөвлөж байна. Хонг Конгийн хөрөнгийн биржээс гадна Шанхайн хөрөнгийн биржийн нөхцлийг манай мэргэжлийн хүмүүс судалж байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ