СЗХ-ны ажлын хэсэг Төв аймагт ажиллав

Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсэг өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Төв аймагт санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад сургалт явуулж, үнэлгээ, үзлэг хийлээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хууль, журмын хэрэгжилт ямар түвшинд байгаа болон санхүүгийн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадавх ямар байгааг дүгнэсэн энэ удаагийн үзлэг, үнэлгээнд аймгийн хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-д, даатгалын болон даатгалын хохирол үнэлэгч компани, салбарууд, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд хамрагдлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлт болон хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухай сургалтад хоёр ХЗХ, зургаан ББСБ, даатгалын зургаан компанийн салбар, даатгалын хохирол үнэлэгч нэг байгууллага, мөн арилжааны дөрвөн банкны салбар, нийт 19 байгууллагын төлөөлөл хамрагдав.

Сургалтаар санхүүгийн байгууллагууд өөрийн харилцагчаа таньж мэдэх, комплаенсийн ажилтны эрх, үүрэг, сэжигтэй гүйлгээний тайланг Санхүүгийн мэдээллийн алба (СМА)-нд хэрхэн хүргүүлэх, эрсдэл болон эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх ойлголт зэрэг өргөн хүрээний агуулгыг оролцогчдод таниулав.

Сургалтын үеэр оролцогчдоос комплаенсийн асуудлаар тогтмол сургалт явуулах, сургагч багш бэлтгэх, төрөл бүрийн эрх олгох сургалтын хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны санамж бичигтэнэ талаар тусгаж хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналууд гарч байв.

Эдгээр байгууллагуудын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу комплаенсийн тухай ойлголт, мэдээлэл хангалтгүй байгаа нь үзлэг, үнэлгээгээр тогтоогдов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ