Д.Сумъяабазар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувьд IPO хийхээр бэлтгэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг яаралтай дэгээр УИХ-д оруулж, танилцуулахаар Засгийн газар тогтоол гаргасан талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.

Уг төслийг Засгийн газар тавдугаар сард УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж, дэмжлэг авсан бол энэ сарын 14-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар мөн дэмжсэн байна. Тиймээс ирэх 14 хоногт багтаан УИХ-аар хэлэлцүүлэн дэмжигдвэл 180 хоногт багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувьд IPO хийхээрбэлтгэл ажлыг хангахаар төлөвлөж байгаа аж.

ЗТЯ, СЯ, ЭХЯ, УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, мэргэжилтэн гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг Тавантолгойн ордын ТЭЗҮ-ийг шинэчлэх, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх болон баяжуулах үйлдвэр байгуулах, усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр зам зэрэг дагалдах төслүүдийг бэлтгэж байгаа аж. Тухайлбал, JORK стандартын дагуу 7.4 тэрбум тоннын нөөц нэмэгдэх магадлалтай байгаа аж. Үүнийг дагаад 2011 онд хийсэн 5.7 тэрбум ам.доллар гэсэн үнэлгээ өөрчлөгдөх боломжтой гэнэ.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийн хүрээнд Засгийн газар олон улсын хөрөнгийн биржүүд болон хөрөнгө оруулалтын банкуудтай ярилцаж, санал солилцож байгаа юм байна. Тухайлбал, Хонг Конг, Токио, Нью-Йорк, Лондон, Торонтогийн хөрөнгийн биржүүдээс тодорхой саналууд ирсэн байгааг Д.Сумъяабазар сайд дурдсан.

“Хувьцааны үнэ унах эрсдэлтэй тул эхлээд шууд дотоодын хөрөнгийн биржид хувьцаа гаргахаас болгоомжилж байгаа. Тиймээс дотоод, гадаадын хөрөнгийн биржид зэрэг IPO хийх нь оновчтой гэж үзэж байгаа” хэмээнтайлбарлав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ