Монголчуудын сарын дундаж цалин 998 мянган төгрөг байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2018 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газарт шимтгэл төлдөг 38.7 мянган аж ахуйн нэгж, байгууллагад 602 мянган хүн ажиллаж байна. Тэдний дундаж цалин энэ оны тавдугаар сарын байдлаар 998.4 мянган төгрөг байгаа нь өмнө сараас бага зэрэг буурсан дүн юм. Одоогийн энэхүү цалингийн хэмжээ 2010 оны IV улирлаас 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж буй ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 54.8 хувиар нэмэгджээ.

Харин медиан цалин 705.9 мянган төгрөг байна.

Медиан цалин гэдэг нь нийт ажилтнуудын цалинг багаас нь их рүү, эсвэл ихээс нь бага руу жагсааж, голын дүнг авсан тоо.

Өөрөөр хэлбэл, нийт ажил эрхлэгчдийн 50 хувь нь 705.9-өөс дээш, 50 хувь нь үүнээс доош хэмжээний цалин авч байна.

Салбарын хувьд уул уурхайн саларт ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн өндөр буюу 2.4 сая төгрөг байгаа бол урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 609.1 мянга байгаа нь хамгийн бага үзүүлэлт болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ