Н.Баяртсайхан: Эдийн засаг сэргэж байгаа ч цаашдын төлөв эмзэг байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.
Мэдээллийн эхэнд 2011 оноос хойших эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдаад 2015-2017 оны эдийн засгийн хүндрэлээс үлдсэн хэд хэдэн сургамжийг онцолсон.
Жижиг, түүхий эдээс өндөр хамааралтай эдийн засгийн бүтэцтэй манай улсын хувь санхүүгийн нөөцийн бодит чадавхиас нь давсан, хэт тэлсэн байдлаар макро бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаандаа тогтворгүй байдлыг бий болгодог. Хувийн болон улсын секторын санхүүгийн чадавхийг эрсдэл даахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад санхүүгийн чадавхийг давхар харгалзах, Төв банкны хараат бус байдлыг хадгалах гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцууллаа.Монгол Улсын макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд байсан хүндрэлийг гадаад нөхцөл, хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллага, оновчтой бодлогын арга хэмжээгээр харьцангуй богино хугацаанд даван туулж улмаар эдийн засаг сэргэлтийн төлөвт шилжээд байна гэв.
Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарлсан байна. Инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргажээ. Түүнчлэн улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл дурдлаа.
ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хомсдлыг шийдвэрлэхэд шаардлагатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн байна. Оновчтой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав.
Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, эдийн засгийн гадаад орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байгаа аж. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашдын төлөв эмзэг байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулгынхаа үеэр тэмдэглэлээ. Экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгааг тэрбээр онцлов. Эдийн засгийн дунд, урт хугацааны төлөвийг авч үзвэл 2020-2024 онд төлөх гадаад төлбөрүүдийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах шаардлагатай гэв.
Тодруулбал, 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээлийн эргэн төлөлт дээрх хугацаанд таарч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусгавар болох юм байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг голлон тэтгэж буй эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг ийнхүү зогсох эрсдэлтэй байгаа учир макро бодлогын оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн бат бэх чадавх, валютын нөөцийн хүрэлцээт хуримтлалыг бий болгох нь чухал гэв.
Хүрсэн үр дүнг бататгах, макро эдийн засаг, банк санхүүгийн салбарын дунд урт хугацааны тогтвортой байдлыг бүрэн хангах, эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчдын зүгээс авч хэрэгжүүлэх цөөнгүй арга хэмжээ бий гэдгийг мөн танилцуулгад дурдсан юм. Төсвийн сахилга батыг сахиж, зардал нэмэхгүй байх, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага хэвээр байгаа гэв.
Санхүүгийн нөөц, чадавхийг хуримтлуулах, банк санхүүгийн салбарын тогтолцоо, хяналт шалгалтыг бэхжүүлэх шаардлагатайг мөн дурдлаа. Мөн эдийн засгийн бүтцийг сайжруулж, төрөлжүүлэх стратегийг урт хугацааны туршид тууштай хэрэгжүүлэх, том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнд шаардлагатай эх үүсвэрийг гадаад зах зээлээс бүрдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав.
Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Тэрбээр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нар ажиллажээ. Тус ажлын хэсэг Монголбанкны танилцуулга мэдээллийг сонсон, удирдлагын зөвлөл болон газар, хэлтсийн дарга нартай уулзахын зэрэгцээ Монголын банкуудын холбоо, Монголбанкны Хяналтын зөвлөлтэй тус тус уулзалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих замаар ажлын байр болон иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж ажиллах, Монголбанк-Засгийн газрын хамтын ажиллагааг сайжруулах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үр дүнд үүссэн өр, зээлийн үлдэгдлийг эдийн засагт дарамт учруулахгүй байдлаа шийдвэрлэх зэрэг саналыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн “Чиглэл өгөх тухай” тус тогтоолын төсөлд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэгж жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгах арга хэмжээ авах, УИХ-ын 2017 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг бий болгох, валютын нөөц зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, “Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар чиглэл өгөх тухай” Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Монголдбанкинд чиглэл болгожээ.
2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 14.4 орчим их наяд төгрөг байгаагийн 7.1 их наяд нь иргэдийн хэрэглээний зээл бол 7.1 их наяд төгрөгийн зээл аж ахуйн нэгжид олгогдсон гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа танилцуулав.Бүтцээс харвал ихээхэн хэмжээний зээлийн багц иргэдийн хэрэглээний зориулалтаар олгогдож байгаа бөгөөд үүнд сайн тал ч бий, хэмжээ хэтэрвэл иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэдгийг тайлбарласан. Иргэдийн хэрэглээний зээлийн дээрх дүн нь Монгол Улсын хувьд санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртээмжтэй түгээж буй давуу талын илрэл ч гэлээ энэ хэвээр өсөлт нь үргэлжлэх юм бол иргэд зээлийн дарамтад орох эрсдэлтэй гэв. Тэтгэврийн зээл гэхэд иргэний сарын орлогыг 100 хувь зээлийн эргэн төлөлтөд татаж байгаа бол арилжааны банкуудаас олгож буй зээлийн төлөлтдөө тухайн иргэний сарын орлогын 70-80 хүртэл хувийг авч байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд арилжааны банкуудаас зээлийн хугацааг нь нэмэгдүүлэх хэлбэрээр зээлийн хэмжээг нь нэмэх зэрэг арга хэмжээ авдаг. Иргэн ажил эрхэлж, цалин хөлс, олсон ашгаараа хэрэглээний зардлаа нэмэгдүүлэх нь зохистой байдаг бол өр зээлээр хэрэглээний зардлаа нэмэгдүүлж байна. Санхүүгийн нийт системийг харахад дээрх дүр зураг нь аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх санхүүгийн нөөцийг иргэдийн хэрэглээний зардлын тэлэлтэд ашиглаад байгаа сөрөг нөлөөтэй. Бизнесийг дэмжих зээлийн санхүүгийн эх үүсвэр дутагдах нэг шалтгаан гэж тодорхойлож болох аж. Монголбанк энэ нөхцөл байдалд тандалт, ажиглалт хийж байгаа бөгөөд хэмжээг нэмэгдүүлэхгүй байх бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.
Монголбанк өнгөрсөн хугацаанд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд үүссэн шиг гадаад, дотоодын нөлөөлөлтэй эдийн засгийн хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тайлбарласан. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй байх ёстой талаар заасан байдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд 6-7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм.
Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс Монгол Улсын гадаад өрийн дэлгэрэнгүй мэдээлэл, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хүргэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн нөхцөл байдал, иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт, түүнээс үүдэх эрсдлийн талаарх таамаг зэрэг асуудлуудаар мэдээлэл өгсөн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан олборлосон алтаа дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, алтны экспортыг зогсоох чиглэлээр санаачилгатай ажиллах, ингэж чадвал үндэсний аюулгүй байдалд болон нөөцийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолж, холбогдох тодруулгыг хийсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа мэдээллийг сонсох явцад гишүүдээс төсөлтэй холбоотойгоор гаргасан саналыг тусган “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр тогтоол батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ