"Монгол, Оросын санаачилга-2018" арга хэмжээ болно

Энэ сарын 7-ноос 9-ний хооронд Улаанбаатар хотноо болох "Монгол, Оросын санаачилга-2018" ажил хэргийн хөтөлбөрт Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой 50 гаруй Оросын компани оролцохоор болоод байна. Цуврал арга хэмжээг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам "Оросын экспортын төв" хувьцаат нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах гэж байна.

"Монгол, Оросын санаачилга - 2018" арга хэмжээний хөтөлбөр нь үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага, салбар хуралдаанууд болон ажил хэргийн хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой ирсэн Оросын компаниудын танилцуулга, соёлын болон биеийн тамирын олон арга хэмжээнүүдээс бүрдэнэ.

ОросоосМонголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд төлөөлж оролцоно. Тухайлбал, эрчим хүч болон цахилгаан бараа, иргэний нисэхийн болон машин техник, тээвэр логистикийн болон барилгын материал, цахилгаан холбоо болон цахим үйлчилгээ, хүнсний бараа, гутал хувцас, хөдөө аж ахуйн техник, химийн болон хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид гэх мэт оролцох ажээ.

Оросын ажил хэргийн хүрээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд маш олон бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүдийн гүйцэтгэх захирлууд болон худалдаа, экспортын асуудал хариуцсан орлогч захирлууд олноор багтана. Түүнчлэн энэхүү үйлдвэрүүдийн ихэнх нь Монгол Улстай хил залгаа болон ойролцоох Эрхүү, Чита, Томск, Новосибириск, Өвөр Байгал, Красноярск болон Буриад гэх мэтчилэн бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, «Росспецмаш» ассоциаци, Оросын экспортын төв, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон үйлдвэрүүдийн удирдлагуудын оролцоотойгоор бэлтгэгдэж буй ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд нь зочин гийчдийн сонирхлыг ихээр татах нь эргэлзээгүй юм. Тусгай машин механизмыг үйлдвэрлэгчдийн тоонд энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч «Ростсельмаш», «Пегас-Агро», Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техникийн үйлдвэрлэгч «Кургандормаш» нар оролцохоор төлөвлөж байна.

«Оросын экспортын төв»-өөс зохион байгуулж буй ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол, Оросын хамтын ажиллагааны хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх хэд хэдэн сэдэвчилсэн салбар хуралдаан явагдах ба түүний дотор аж үйлдвэрийн, тээврийн болон барилгын салбар дахь дэд бүтцийн хамтарсан төслүүд, хөнгөн үйлдвэрлэлийн, газар тариалангийн болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, хоёр орны хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай олон сэдвээр явагдана.

Үүнээс гадна «Монгол, Оросын санаачилга - 2018» арга хэмжээний оролцогчид нь Монголын аж ахуйн нэгжүүдийн 100 гаруй төлөөлөгчид оролцох «B2B» форматын уулзалтуудад оролцох боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг http://rus-mng.ru сайтаас авна уу гэж ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ