Х.Бадамсүрэн: 2019 онд цалингаа 1000 долларт хүргэнэ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн 2017 оныг “Эрдэнэт" үйлдвэр өмнөө тавьсан зорилтоо 102-152 хувиар биелүүлсэн амжилттайгаар үдлээ.40 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд асуудал гаралгүй яах билээ. Эрдэнэтийн овоог 40 жил ашиглаж байгаа тул уул геологийн нөхцөл хүндэрч, зэсийн агуулга буурч, ядуурч байна. Өнгөрсөн онд зэсийн агуулга 40 жилийнхээ түүхэнд хамгийн ядуу байсан. Анх Эрдэнэтийн овоог ашиглаж эхэлсэнтэй харьцуулахад агууламж хоёр дахин буурсан. Гэсэн хэдий ч зэсийн металл авалтыг 89 хувиас давуулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Металл авалтыг 1 хувиар дээшлүүлэхэд олон сая долларын үр ашгийн асуудал дагалдаж байдаг.
“Эрдэнэт” үйлдвэр үйл ажиллагаагаа сайн явуулах, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Өнгөрсөн онд манай үйлдвэр улсын төсөвт 615 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 252 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, цалинг нэмэх ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлж байна.Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэр цалингаа хоёр удаа нэмсэн.
Мөн 2017 онд геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлж, зургаа орчим сая ам.долларын ажил хийсэн. Үүний үр дүнд 'Эрдэнэт” цаашдаа 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоолоо. Уул уурхай хүнд үйлдвэрийн хувьд холыг харж, хэтийн зорилготой ажиллах нь гол байдаг. Ойрын 15 жилд үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж ТУЗ-өөр хэлэлцүүлж дэмжүүлсэн. Тав, таван жилээр төлөвлөж бодлогоо хэрэгжүүлнэ.Нийтдээ таван бодлого боловсруулсан” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Цалингаа хоёр дахин нэмсэн гэж ярилаа. Гэтэл танай үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлээс цалиндаа чамлалттай гэдэг асуудал ярьдаг. Хамгийн бага цалин хэд байна вэ?
-'Эрдэнэт' үйлдвэр үндсэн цалингаа 2017 оны тавдугаар сарын 1-ээс 10 хувиар, долдугаар сарын 1-ээс үндсэн цалингийн сангаа 20 хувиар нэмсэн. Өнгөрсөн онд мөн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой болсон. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа хүн бүрт 500 мянга, тэтгэвэрт гарсан ахмадууддаа 300 мянган төгрөг тус бүр олгосон. 2017 оны ажлын үр дүн сайн байсан, он гараад ажил бас сайн байсан тул цалингаа 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 15 хувиар нэмсэн. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа ажилтны хамгийн доод цалин нэг сая 13 мянган төгрөг бол дундаж цалин 2.3 сая төгрөг болсон.Цалингаас татвар авахаар янз бүрээр ярьдаг зүйл бий. “Эрдэнэт” үйлдвэрийн тогтоосон хамгийн доод цалин нэг сая төгрөг давсан. 2019 онд цалингаа 1000 долларт хүргэнэ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өр юу болж байна вэ?
-“Стандарт” банктай холбоотой асуудал бол “Эрдэнэт”ийн удирдлага хамт олны сэтгэлийг зовоосон асуудал гарцаагүй мөн. 2009-2012 оны үйл ажиллагааны явцад бий болсон асуудал. 2015 оноос Арбитрын шүүхийн төвшинд яригдаж газар авсан байдаг. Миний хувьд “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар томилогдсоноос хойш 1.6 жил болж байна.Энэ асуудалтай холбоотойгоор ажлын хэсгийг шинэчилж байгуулсан, баримт бичиг, тоо баримтыг нягтлах ажил хийж байна. Бид санал тавьж, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Саяхан УИХ-ын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Хүчээ нэгтгэж байгаад энэ асуудлыг “Эрдэнэт” үйлдвэр, Монгол Улсад сөрөг үр дагавар хохирол багатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Арбитрт давж заалдах боломжгүй болсон гэсэн асуудал яригдаж байгаа?
-Давж заалдах асуудлын тухайд Английн арбитрын шүүхийн дүрэм журам хатуу бололтой юм билээ. Давж заалдах ажил үргэлжилж байна. үндсэн яригдаад байгаа төлбөрийн асуудал. Үндсэн төлбөрийг дагаж гарсан хүүгийн асуудлыг ярьж байна.
Эхний давж заалдах ажлыг үндсэндээ нөхцөлийг давсан. 51 сая гэж яригдаад байгаа ам.долларыг дансанд байршуул гэсэн. Үүсэж болох эрсдэлээс болгоомжилсон. Хэрэв түүнийг нь байршуулсан бол тэдний гарт очих байсан. Одоо бодоход бидний хуулийн хүрээнд явуулж байгаа үйл ажиллагаа зөв гольдролоор явж байна. Цаашдаа давж заалдах ажил явна.
-УИХ, Засгийн газраас тодорхой шийдвэр гарсан байтал яагаад өнөөг болтол Эрдэнэт”-ийн 49 хувийг авахгүй, хувийн компани ашгийг нь хүртээд байна вэ?
-Үнэндээ бол УИХ, Засгийн газар, Цэцийн шийдвэр 49 хувьтай холбоотойгоор гарсан. Гэвчнөгөө талдаа энэ шийдвэрийг үгүйсгэсэн шүүхийн шийдвэрүүд гарсан. Ингээд маргаантай явж байгаа. Үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага үйлдвэрлэлийг хэвийн төвшинд явуулах ёстой. Ингэж үйлдвэр ажиллаж чадаж байгаа. Эрдэнэтийн үйл ажиллагаа доголдсон юм байхгүй.
-“Стандарт” банкны удирдлагуудтай хэдэн удаа уулзсан бэ?
-“Стандарт” банктай бид өмгөөллийн буюу хуулийн компаниар дамжуулж харилцаж байгаа. Нэгэнт маргаж байгаа тал тэр нөхдүүдийн санаа бодлыг сонсъё гэдэг асуудлыг ТУЗ-д тавиад дүрэм журмын дагуу уулзах асуудал тавьсан. Уулзах товоо өнөөгийн байдлаар цаад талаасхэлээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ