Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар ярилцав
Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, мөнгөний бодлогын шийдвэрийг хамтын зарчмаар гаргах Мөнгөний бодлогын хороо шинээр байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан Монголбанк шийдвэр гаргахад ашигладаг шинжилгээний бүтэц, арга зүйг танилцуулах семинарыг зохион байгууллаа.
Мөнгөний бодлогын хорооны шинээр томилогдсон гишүүд болон өмнөх Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд оролцож Төв банкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэр, бодлогын шийдвэрийн үндэслэл болдог эдийн засгийн шинжилгээ, төсөөлөл хийдэг аргачлал, загваруудын талаар танилцуулгууд хийгдэн, хэлэлцүүлгүүд өрнөв.
Өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд Мөнгөний бодлогын шийдвэрийг хороогоор буюу хамтын зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх арга барилаар гаргадаг байна.Ингэснээр оновчтой бодлого явуулах, улмаар төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлж, мөнгөний бодлогын шилжих механизмын нэг чухал суваг болох хүлээлтийг үр дүнтэй удирдан бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үндэс болдог байна.
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны хурлаар хэлэлцэх бодлогын саналыг боловсруулах, бодлогын саналын үндэслэл болсон эдийн засгийн шинжилгээ төсөөллүүдээ Forecasting and Policy Analysis System (FPAS) буюу Бодлогын шинжилгээ, төсөөллийн системийн хүрээнд хийдэг. Тоон болон чанарын мэдээлэл цуглуулж өгөгдлийн сан үүсгэхээс эхлээд түүн дээрээ суурилан төсөөлөл шинжилгээ хийх, бодлогын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг олон нийтэд мэдээлэх хүртэлх процессийг агуулсан уг систем нь инфляцийг онилох (Inflation targeting) бодлого хэрэгжүүлдэг олон улсад тэргүүлэх төв банкуудад түгээмэл хэрэглэгддэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ