9.7 сая ам.долларын зээлээр Улаанбаатрын хог, хаягдлын менежментийг сайжруулна

Улаанбаатар хотын хог, хаягдлын менежментийг сайжруулахад зориулж 9.7 сая ам.долларын зээл олгож байгаа талаар Европын сэргээн босголт хөгжлийн банк мэдээллээ. Энэхүү санхүүжилт орж ирснээр Европын Холбооны стандартыг хангасан хогийн цэг байгуулах, хог цуглуулах шинэ тоног, төхөөрөмж авахаас гадна барилгын хог, хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах юм байна. Энэхүү санхүүжилтийн зургаан сая ам.долларыг Европын Холбоо олгоно.

Хогийн цэгийн тоог нэмснээр Улаанбаатар хотын хог, хаягдлын менежментэд Европын Холбооны стандартыг нэвтрүүлнэ. Харин шинэ тоног, төхөөрөмж авч ашигласнаар хог цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйл явцад ахиц гарч, байгаль орчин, эрүүл ахуйн стандарт сайжирна гэж тооцжээ. Үүнээс гадна хог, хаягдлын шинэ үйлдвэр байгуулснаар барилгын хатуу хог, хаягдлыг боловсруулах боломж бүрдэх юм. Эдгээр нь Улаанбаатарыг илүү ногоон хот болгож хөгжүүлэхэд түлхэц болно гэж Европын сэргээн босголт хөгжлийн банк үзэж байна. Тус банк 2006 онд Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш бараг 1.4 тэрбум еврог 100 орчим төсөлд зарцуулаад байгаа юм.

Нийслэлийн хүн амын тоо 2000 онд 800 орчим мянга байсан бол энэ оны байдлаар 1.4 сая болж өсөөд байна. Хүн амын тоо ийнхүү өссөнөөр хот тохижилт, ялангуяа хог хаягдлын асуудал илүү хүндрэлтэй болжээ. Мөн барилгажилт нэмэгдэж, барилгын хог хаягдлын хэмжээ өсжээ. Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1.4 сая гаруй тонн хог, хаягдал гарч байгаагаас 24 хувийг нь дахин боловсруулж байгаа гэж Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо мэдээллээ. Одоогоор дотоодод барилгын болон ахуйн хог, хаягдлыг дахин боловсруулдаг 20-иод үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ