“Эрдэнэс-Тавантолгой” ногдол ашиг тараах "боломжгүй"
Сүүлийн үед Таван толгойн ногдол ашгийг ард түмэнд тараах тухай яригдаж буй. “Эрднэс-Таван толгой” компани өнгөрсөн гуравдугаар сард 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр иргэд ногдол ашиг хүртэх боломж нээгдсэн. Гэвч энэ нь шууд бэлэн мөнгө гар дээр ирнэ гэсэн үг биш. Зөвхөн хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулсан хэлбэр юм. Тэгвэл иргэдэд ногдол ашиг тараах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм уу, Засгийн газрын шийдвэрийг дагах учиртай.
Уг нь “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцаа эзэмшигчид хуралдаад ногдол ашиг тараахгүй байхаар тогтсон юм билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийг ард түмэнд ногдол ашиг тараа гэж нэлээд шахаж буй. Тус компани сая “ТОП-100” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд татвараас гадна 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх.
ЭТТ өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцааныхаа 12 тэрбумыг нь гаргасан байна. Үүний 85 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдийнх гэсэн. Ерөнхийлөгчийн хувьд ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж “Эрдэнэс-Таван толгой”-н удирдлагуудтай уулзахдаа хэлж байсан. Тэрбээр иргэдийн хувьцааг 100 хувь болгож өсгөх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина гэдгээ дуулгасан.
Хариуд нь тус компанийн удирдлагууд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу иргэдэд ногдол ашиг тараах боломжтой гэж судалжээ. Энэ нь төрийн өмчит уул уурхайн компаниудын орлогоос хуримтлагдаж, одоогоор зарцуулахгүй хадгалж байгаа сангаас хуваарилалт хийх хувилбар юм. Ингэхийн тулд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг өөрчилж, тус санд хуримтлагдсан ашгийг ногдол ашиг болгож тараах замыг нээх боломжтой аж. Энэ тооцоогоор нэг иргэнд 123 мянган төгрөг хуваарилах боломжтой бөгөөд компанийн өртгийг бууруулснаар нэг иргэнд 300 мянган төгрөгийн ногдол ашиг тараах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо хийжээ.
Гадны улс орнуудын жишгийг харахад иргэд нь уул уурхайгаасаа наад зах нь жилдээ 1000 ам.долларын ногдол ашиг хүртдэг. Ийм улс гэвэл АНУ-ын Аляска байна. Бид тэдэн шиг ногдол ашиг хүртдэг болъё гэвэл эхлээд Таван толгойгоо томруулах хэрэгтэй. Мянгуужингийн үлгэр мэт яригдсаар ирсэн төмөр замын асуудлыг нь юун түрүүнд шийдээд өгчихвөл дараа нь ногдол ашгийн тухай яриахад арай өөр дүн сонсогдоно доо.
Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 0.06 хувийг 553 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Эдгээр компани 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч ногдол ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж гэж нэг ч төгрөг өдий болтол аваагүй аж. Уг нь аж ахуйн нэгжүүд дээрх мөнгөө банкинд байршуулсан бол алдагдал хүлээхгүй байлаа. “Эрдэнэс Тавантолгой” 2016 онд 184.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Компанийн зүгээс нэмүү өртөг шингэсэн баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор баяжуулах үйлдвэр барих, усан хангамжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Ингэхээр компани үйл ажиллагааны зардлаа бууруулж чадахгүй бол ногдол ашиг тараана гэдэг үлгэр болох мэт л санагдах юм даа.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ