Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдтэй уулзав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2018.05.03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдээр томилогдсон Ч.Хашчулуун, Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр нарыг Монголбанкны ЕрөнхийлөгчН.Баяртсайхан газар хэлтсийн захирлуудын хамт хүлээн авлаа.

Нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 273 дугаар зүйлээр Мөнгөний бодлогын хороо байгуулах тухай зохицуулалтыг тусгасан ба үүгээр Мөнгөний бодлогын шийдвэрийгМонголбанкны Ерөнхийлөгч давуу эрхтэйгээр гаргадаг байсныг өөрчилж, олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчимд шилжүүлснээр гишүүдийн оролцоо жигд хангагдахаар болж байна.

Хуульд зааснаар Мөнгөний бодлогын хороо долоон гишүүнтэй байх бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэнэ.

Мөнгөний бодлогын хороо ньхуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэж байх ба жилд дөрвөөс доошгүй удаа хуралдана. Монголбанкны Ерөнхийлөгч, эсхүл хорооны гурваас доошгүй гишүүн санал гаргасан бол ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж байх юм. Мөн Мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулж байхаар хуульд зохицуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ