Өмдгүй ерөнхийлөгч
.. АМЕРИКИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ДУРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ...
1782 онд АНУ-ын ирээдүйн буюу хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс Голландад худалдааны хэлэлцээр байгуулахаар ирээд голландчууд чөлөөт цаг, амралт зугаалгаа хэрхэн олон янзын байдлаар өнгөрүүлдэг болохыг хараад гайхан алмайрчээ. Хойд Америкийн колони улсуудад үүнийг зөвшөөрдөггүй: Хуучинсаг хатуу чанга ёс суртахуунаар хөлсөө гарган хөдөлмөрлөх ёстой, унтахаас өөр амралтын бусад хэлбэрийг хориглодог байлаа. Зугаа цэнгэл бол хүний сэтгэлийг өөдрөг байлгаж, урт наслуулдаг гэсэн дүгнэлтэд хүрээд энэ талаар тэрбээр эхнэр Абигайлдаа бичиж байжээ.
ХҮЗҮҮГЭЭР ТАТСАН УСАН ДОТОР БОЛСОН ЯРИЛЦЛАГА
Америкийн ерөнхийлөгч нарын дунд ажлын хэнээтэй хүн тийм ч олон байгаагүй ээ. Гэвч 11 дэх ерөнхийлөгч Жеймс Полк төрийн тэргүүн хүнд чөлөөт цаг байх ёсгүй их ажилтай байдаг гэж үздэг тул өөртөө амсхийх зав өгдөггүй байлаа. Түүний биеийн эрүүл мэнд тааруу байсан бөгөөд Цагаан ордонд дөрвөн жил байснаар улам бүр доройтолд оржээ.
Эхний удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ажил нь дуусах дөхөхөд тэр бараг өвгөн шиг харагдаж байсан агаад хоёр дахь удаагаа сонгогдохоос татгалзаж,ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгсөнөөс хэдхэн сарын дараа буюу 53 насандаа өөд болжээ.
Бас ажилч хөдөлмөрчөөрөө бусдаас ялгаатай, ямарваа нэгэн хоббигоос ангид байдгаараа онцгой хүн бол 36 дахь ерөнхийлөгч Линдон Жонсон юм. Гэхдээ тэр ямартаа ч гольф тоглодог, биеийн тамирын тэмцээн уралдаанд оролцдог байсан ч гольфын талбай дээр ч, цэнгэлдэх хүрээлэнгийн индэр дээрээс ч зөвхөн улс төрийн тухай ярьдаг байлаа.
Дээр өгүүлсэн Полк болон Жонсон нар ховор тохиолдлууд гэж хэлж болно. Бусад бүх ерөнхийлөгч нар чөлөөт цагаа спорт, уншлага, хөгжим, цуглуулга, хөгжилтэй найрын ширээ, аялал зугаалга гээд жирийн хүмүүсийн мөн л ижилтатагддаг зүйлд зарцуулдаг ажээ. Америкчууд европчуудаас илүү хөдөлмөрлөдөг, амралтын үнэ цэнийг мэддэг улсууд.
Спортоос эхлэе л дээ. АНУ-ын ерөнхийлөгч нарын дундаас хамгийн шилдэг атлетикч бол 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт байлаа. Тэр бие султай, өвдөмтгий хүүхэд байсан. Астмаар өвдөж, бас сургуулийнхаа үеийн хүүхдүүдийн инээд доог тохуу болдог байлаа. Түүнийг 14 настай байхад үеийнхэн нь түүнийг шоглон уйлуулжээ. Чухам тэр үед л тэр ахин ийм доромжлолыг амсахгүй гэж шийдэн биеэ бялдаржуулахар сэтгэл шулуудав. Тедди Рузвельт боксоор хичээллэж эхэллээ. Харвардын их сургуульд тэрбээр грек-ромын барилдаанд суралцаж, гүйж, хүнд атлетикт суралцаж, тэшүүрээр гулгадаг байв. Рузвельт спортын өндөр гарамгай амжилтад хүрээгүй ч бие нь үргэлж хөнгөн, чийрэг байдаг байлаа. Жон Адамсын хүү болон АНУ-ын зургаадугаар ерөнхийлөгч Квинси Адамс тун гайхалтай сэлэгч байсан агаад өглөөгүүр өдөр бүр Потомакт сэлдэг байв. Түүний энэ сонирхол хэд хэдэн түүхтэй холбоотой байдаг.
Тухайн үед ерөнхийлөгч хамгаалагчгүй байдаг байв. Адамс зүгээр л Цагаан ордноос гарч, гол руу явган явж очоод жижигхэн булан олж хувцсаа тайлаадхувцсаа эрэг дээр үлдээн ус руу оржээ. Нэгэн удаа түүнийг ийн сэрүүцэж байх хооронд түүний хувцсыг хулгайлчихжээ. Адамс ойр хавьд явж байсан нэгэн хөвгүүнийг туслаач хэмээн дуудаж, цаадах нь Цагаан ордон руу гүйж, тэргүүн хатагтай бяцхан элчид хувцас өгч явуулжээ.
Бас нэг удаа Адамс Потомакийг завиар гатлахаар шийджээ. Гэвч завь нь тун хэврэг байсан тул тэр нөгөө эрэгт сэлж гарсан байна. Усанд норж хүнд болсон гадуур хувцас нь түүнийг ёроол руу татаж байсан тул ерөнхийлөгч зарим хувцсаа усан дотор тайчсан байна. Эцэст нь тэрбээр гэртээ ганц гутал, бас хантаазгүй дан цамцтай харьж очжээ.
Бас нэг удаа Жон Квинси Адамс нүцгэнээр ярилцлага өгөхөд хүрчээ. Түүнийг Энн Ройялл нэртэй тун ч дайчин сэтгүүлч эмэгтэй мөрдсөн байна. Ерөнхийлөгч хувцсаа тайлаад ус руу орж эргээс нэлээд холдохыг хүлээж байгаад тэрээр түүнийг дууджээ. “Танд юу хэрэгтэй вэ?” гэж Адамс асуув. “Би Энн Ройялл байна. Би сүүлийн хэдэн сарын туршид таны баримталж буй банкны бодлогын талаар танаас ярилцлага авах гээд чадахгүй байна. Цагаан ордон надад татгалзсан хариу өгсөн. Тиймээс би таны хувцсан дээр суугаад та миний асуултад бүрэн хариу өгөх хүртэл би буцааж өгөхгүй шүү” хэмээн хэлсэн байна. Адамс түүний үгэнд орохоос өөр арга байсангүй. Тэрхүзүүгээр татсан усан дотор зогсоод бүх асуултад нь хариулжээ.
Цагаан ордны хамгийн тамирчин ерөнхийлөгч бол 38-р ерөнхийлөгч буюу Жеральд Форд юм. Ахлах ангид байхдаа л тэр америк хөл бөмбөгөөр гайхамшигтай амжилтад хүрч байжээ. Хөл бөмбөг түүний хувьд их сургуульд орох “элсэлтийн оноо” болжээ. Фордын төлөө хоёр ч мэргэжлийн баг өрсөлдөж, гэвч тэр Йелийн их сургуульд дасгалжуулагчийн байр суурийг сонгосон юм. Насаараа гольф, теннистоглож, сэлж, уулын цанаар гулгаж, бас хэзээ ч өвдөж байсангүй. Форд 94 онд нас барсан бөгөөд Америкийн ерөнхийлөгч нарын дунд хамгийн өндөр насалсан дээд амжилтыг эвдсэн юм.
Ер нь бол Ерөнхийлөгч нарын дунд хамгийн түгээмэл төрлийн спорт бол гольф юм. Энэ тоглоом бүр Дундад зуунд Шотландад бий болсон бөгөөд 19-р зууны сүүлээр тун түгээмэл болсон юм. Гольфын цохиурыг хамгаас түрүүн гартаа барьсан хүн бол 18 дахь ерөнхийлөгч Улисс Грант бөгөөд 1877 онд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллах үеэр Британийн арлаар явж байхдаа анх гольфыг биеэрээ тоглож үзсэн аж. Улисс хэд хэдэн оролдлого хийсэн ч нэг ч удаа бөмбөгийг оносонгүй. Үүгээр түүний туршлага дуусчээ.
Гагцхүү ХХ зууны бараг бүх ерөнхийлөгч нар гольф тоглодог болов. Энэ тоглоом нь бие бялдрын ачаалал төдийлөн шаарддаггүй, тоглогчид өөр хоорондоо харилцах өндөр боломж олгодог. Тиймээс өндөр албан тушаалтнууд гол төлөв албан бус нөхцөл байдалд ямар нэг асуудал ярьж хэлэлцэх шаардлагатай бол гольф хамт тоглохоор цаад хүнээ урьдаг билээ. Гольфод хамгийн дуртай ерөнхийлөгч бол 27 дахь ерөнхийлөгч Уильям Ховард Тафт байв. Тафтын өмнөх ерөнхийлөгч Тедди Рузвельт түүнд сонгуулийн кампанит ажлын үеэр “Гольф бол Америкт баячуудын тоглоомд тооцогддог. Тиймээс сурвалжлагч нарын нүдэнд гартаа цохиуртай харагдаад хэрэггүй биз” хэмээн зөвлөж байлаа. Гэвч Тафт түүний үгэнд орсонгүй, тэгээд ч сонгуульд гялалзсан амжилт гаргажээ. Хэдийгээр тэр маш дагс биетэй байсан ч түүний гольфын хорхой хязгааргүй байлаа. Ерөнхийлөгч болохдоо тэрбээр 134 кг байсан агаад ерөнхийлөгч байх хугацаанд улам бүр жин нэмсээр байлаа. Хэтэрхий том гэдэснээсээ болж түүнд багагүй төвөг учирдаг байв. Гэвч тэр сайн тоглогч төдийгүй сайн бүжигчин байлаа. Харин гольфын хувьд тэр өдөр болгон тоглодог байлаа.
МОРЬ УНАСАН ТОЛГОЙТОЙ ХҮН
Ерөнхийлөгч нарын дунд цэргийн олон хүн байсан, тиймээс тэд бүгд морь сайн унадаг гэсэн үг. Авраам Линкольны оршуулах ёслол дээр түүхэнд анх удаа түүний хайртай морь Хөгшин Боб оролцож байжээ. Хөгшин Бобыг зохих ёсоор эмээллэж, чимэглэсэн агаад дөрөөнд нас барсан ерөнхийлөгчийн гутлыг хийж тогтоосон байлаа. Түүнээс хойш морь гэдэг албан ёсны ёс жаягийн салшгүй нэгэн хэсэг болсон юм. Нас барсан ерөнхийлөгч морь сонирхдоггүйбол хайртай морины үүргийг энэ ёслолд зориулан тусгайлан тэжээдэг морь гүйцэтгэх бөгөөд гутлын хувьд ч төрийн сангаас авч хэрэглэнэ. Харин 2004 онд моринд дуртай ерөнхийлөгч Рональд Рэйганыг нас барахад бэлэвсэн гэргий Нэнси нь оршуулганд нөхрийнхөө жинхэнэ морь унахдаа өмсдөг байсан гутлыг авчирчээ.
Шүхрээр буудаг цорын ганц ерөнхийлөгч бол том Жорж Буш юм. Тэр дөрвөн удаа шүхрээр үсэрсэн гэдэг. Эхний удаа тэрбээр 1944 онд дайны үед шүхрээр буухаас өөр аргагүйд хүрч. Учир нь түүний жолоодож явсан онгоцыг япончууд оносон байна. Хэдэн цагийн турш Буш хийлдэг аврах цагариг дээр өнгөрүүлсэн бөгөөд түүнийг Америкийн шумбагч онгоц аварсан байна.1997 онд 72 насандаа тэр ахиж үсрэхээр шийдэн Аризон дахь цэргийн баазын нутаг дэсгэр дээртуршиж үзсэн байна. 2004 онд 80 настай экс ерөнхийлөгч маань Техаст ахин шүхрээр үсэрчээ. Энэ гурав дахь удаагийн үсрэлтийг тэрбээр хорхойгоо дарахын тулд биш харин ерөнхийлөгчийн номын сангийн барилгад мөнгө цуглуулах зорилготой тусгай арга хэмжээнд зориулан гүйцэтгэсэн аж. Энэ нь ерөнхийлөгч бүрийн хийх ёстой ажил бөгөөд харин барилгын мөнгийг тэр өөрөө олох ёстой байдаг аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жон Маккейны хувьд цэргийн нисгэгч байх хугацаандаа дөрвөн онгоц сөнөөсөн гэдэг. Тэр бүрийдээ шүхрээр үсрэн амь гарч байсан аж. Хамгийн сүүлийн удаагийн үсрэлт түүний хувьд маш хүнд үр дагавар авчирсан юм. Юу гэвэл тэр вьетнамчуудад олзлогджээ.
Бага Жорж Бушийн хувьд тун ч эрүүл чийрэг нэгэн. Эмч нарын баталж байгаагаар түүний насны эрчүүдийн зөвхөн 2 хувь нь зүрх судас нь эрүүл байдаг бөгөөдтэр түүнд багтаж байгаа юм. Буш өдөр тутам фитнесээр хичээллэж, бие бялдрын ажил их хийж, тэр тусмаа өөрийн Техас дахь эдлэндээ маш их ажил хийдэг. Урьд нь тэр маш их гүйдэг байсан бөгөөд улмаар гуя нь өрөвссөнөөс болж уулын дугуйгаар хичээллэх болжээ.
ХАТАГТАЙ НАРЫН ХУВЬД ОГТ ЯЛГААГҮЙ
Ерөнхийлөгч нарын хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх хоёр дахь түгээмэл хэлбэр бол загасчлах, анд явах юм. 22 болон 24-р ерөнхийлөгч Гровер Кливлэнд /тэр дундаа дөрвөн жилийн завсарлагаатай хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм/ биеийн жингийн хувьд Тафтын дараа орох бөгөөд биеийн тамирын дасгалыг хамгаас илүүтэйгээр үзэн яддаг байлаа. Гэвч тэр загасчлах, анд явах тал дээр тун дуртай байв. Загасанд явахдаа тэрбээр нойр хоолоо умартан байж өгөөшийг нь загас үмхэхийг тэвчээртэй хүлээн байраа сольж суух агаад ганзага хоосон буцаж ирэх нь цөөхөн байлаа. Энэ дуртай зүйлдээ цаг гаргахын тулд заримдаа тэр шөнө дунд босч ажлаа хийдэг байв. Нэг удаа Кливлэнд ан болон загасанд явахаар Вашингтоноос гарсан хойгуур Оросын Александр III хаан нас нөгчсөн тухай мэдээ иржээ. Цагаан Ордонд Ройтерс агентлагийн сурвалжлагч ирж энэ тал дээр ерөнхийлөгчийн төлөв байдлыг мэдэхийг хүсчээ. Төрийн тэргүүний ерөнхий нарийн бичгийн дарга /Кливлэнд сурвалжлагч нараас маш их залхсан байсан тул хэвлэлийн нарийн дарга хөлсөлсөн анхны ерөнхийлөгч болсон юм/ сэтгүүлчийг хүлээж байхыг хүсээд дугуй танхимд орж, хоосон ширээг гурван удаа тойроод, буцаж ирэхдээ энэ гунигт мэдээллийг сонсоод ерөнхийлөгч маш их гүн шоконд орсон тул энэ тухайгаа биечлэн мэдэгдэх чадваргүй байна хэмээн хариулжээ.
Бас нэг өөр АР агентлагийн сурвалжлагч Хойд Каролины ууланд байсан ерөнхийлөгч дээр очоод түүнээс тайлбар хүсээд Ройтерсын сурвалжлагчийнхаас нэлээдгүй өөр утгатай мэдээлэл авч чаджээ. Сурвалжлагч хайсаар явж ерөнхийлөгчтэй уулзахад тэрбээр уулын горхины дэргэд цор ганцаараа, намгийн гутал, борооны цув, мөрөндөө буутай, гартаа уургатай, бас ганзагандаа хэд хэдэн хэрэм зүүчихсэн, меланхолик байдалтай сууж байлаа. Мэдээг сонсоод тэр бодолд автаж байснаа “Надад хэлэх юу байхав дээ. Би түүнтэй танил биш, тиймээс ямар ч төсөөлөлгүй үйл явдлын талаар албан тушаал бүхий хүмүүс зайлшгүй тайлбар өгөх шаардлагагүй гэж бодож байна” гэж бувтнажээ.
Хоёр цагийн зайтай хоёр өөр мэдээлэл авсан New York Herald Tribuneсонины редакцийнхан ямар байдалтай байсан бол. Гэхдээ л хүнд хэцүү байдлаас гайхалтайгаар гарах нь сэтгүүлч нарын чадвар хойно доо. Редактор хоёр мэдээг зэрэгцүүлж тавиад “Эзэн хаан Александрын нас нөгчсөн явдалд харуусан гашуудсан ерөнхийлөгчийн сэтгэлүдэш орой гэхэд тайвшрав” гэсэн ерөнхий гарчиг өгчээ.
Загас барих, ан авлах тал дээр хамгийн туршлагатай, чадварлаг ерөнхийлөгч бол АНУ-ын 39 дэхь ерөнхийлөгч Жимми Картер байв. Тэрбээр бүр багаасаа л аавыгаа даган загас барьж, ан авлаж эхэлжээ. Тэр цагаас хойш дэлхийн бүх тив, цаг уурын ямар ч нөхцөлд үүнийгээ хийсээр явсан аж. Барьсан загастайгаа тэр дурсгал болгон зургаа татуулчихаад л буцаан тавьдаг зуршилтай.
Заримдаа түүнийг анг эсэргүүцэж хүмүүс “Аллага үйлдлээ” гэж буруушаадаг. Бүхий л дүрэм журмыг баримталж, болгоомжтой байдлаар ан хийх нь аллага биш, харин ч зэрлэг онгон байгальд тустай зүйл хэмээн Картер ярьдаг. Тэр үнэхээр ан амьтан, жигүүртэн шувуудын талаар мэдлэгтэй бөгөөд байгалийн тухай өгүүлэл ч бичдэг.
Тедди Рузвельт бол аялах, ан авлах, бас амьд байгаль зурах дуртай нэгэн байсан. Ерөнхийлөгч байхдаа тэрбээр Вашингтоны ойр орчим аялалд гарах дуртай байсан агаад үүгээрээ ч олон шог ярианы эзэн болсон гэлцдэг. Нэгэн удаа ийм нэгэн аялалдаа Францын Элчин сайд Жан Жюль Юссераныг урьжээ. Явган аялал тийм ч амар байсангүй. Гэтэл өмнө нь ширүүн урсгалтай горхи таарахад санаа нь зовсон Элчин сайд одоо л амьсгаагаа гаргаад эргээд явах байхдаа гэж боджээ. Гэтэл Рузвельт хувцсаа тайлж нөгөө талд гаталж гарахыг оролджээ. “Франц улсын нэрийн өмнөс би ч бээлийнээсээ бусад бүх хувцсаа тайлсан. Ерөнхийлөгч над руу гайхан харж, түүнийгээ тайл гэж надад ойлгуулсан боловч би “Таныг зөвшөөрвөл ноён Ерөнхийлөгч өө, би бээлийтэйгээ үлдэе дээ. Юмыг яаж мэдэхэв, бүсгүй хүн тааралдвал сандралд орж магадгүй шүү дээ” гэж хэлсэн тухайгаа Юссеран дурссан байдаг.
Булгаковын Арчибальд Арчибальдович гэргүй Иваныг дотуур өмдтэйгээ явж байхыг хараад “Хатагтай нарт энэ хамаагүй ээ, харин сэргийлэхэд бол хамгийн хамаатай шүү” гэж хэлж байсан үг санаанд орж байгаа биз. Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараа Рузвельт таксидермистуудын хамтаар Африкийн Сахарыг зорьсон юм. Тэндээс авчирсан ангийн олз, тэр тусмаа зааны соёо зэрэг нь Вашингтоны Байгалийн түүхийн үндэсний музейг бий болгох суурь болсон билээ.
УНШИГЧ БА ЗОХИОЛЧ НАР
Ерөнхийлөгч нарын дунд ном унших дуртай олон хүн байсан. Жон Адамс эртний латин зохиолч нарын бүтээлийг уншиж, агуулгыг хэрхэн илүү ойлгох тал дээр зөвлөмж бичиж байжээ. Энэ нь юу гэвэл бүтэн цагийн туршид уншаад дараа нь уншсан зүйлээ эргэцүүлэн бодох, харин үүний дараа мод хагалах ч юм уу ямар нэг биеийн хүчний ажил хийх нь хамгийн дээр. Үүний дараа үргэлжлүүлэн унших хэрэгтэй гэж тэр зөвлөжээ. /Адамсын үед ерөнхийлөгчийн үйлчлэгчийн цалинг өгөх төсвий хөрөнгө байдаггүй байлаа/ Энэ тэмдэглэлийг нь хожмоо бүр ном болон хэвлүүлсэн байдаг. Томас Жефферсон номын сангийн хэнээтэй нэгэн байв. Тиймээс ч тэр шинжлэх ухааны салбар тус бүрээр ном цуглуулж томоохон номын санг бий болгосон билээ. Түүний цуглуулга Конгрессын номын сангийн эхлэлийг тавьсан юм. Жефферсон Конгресст бэлэглэсэн биш, харин худалдсан бөгөөд олсон бүх мөнгөө насныхаа эцэст хуримтлуулсан бүх өрөө дарахад хэрэглэжээ. Энэ наймаа Капитолийн дунд тун ч ширүүн шүүмжлэлийг өрнүүлсэн юм. Зарим нь 6000 боть номонд 23900 доллар төлнө гэдэг хэтэрхий өгөөмөр зардал /одоогийн ханшаар энэ нь 10 дахин өндөр үнэлэгдэнэ/ , тэр дундаа ихэнх ном нь ямар ч ашиггүй, Конгрессын гишүүдийн мэддэггүй хэл дээр бичигдсэн, зарим нь бүр Францын гүн ухаантай-гэгэрүүлэгч нарын зохион бичлэг байсан хэмээн үзжээ.
13 дахь ерөнхийлөгч Миллард Филлмор ч мөн шаргуу уншдаг нэгэн байлаа. Тэрбээр тун ядуу гэр бүлд мэндэлсэн бөгөөд хар бага наснаасаа хөдөлмөр эрхэлж оёдолчны урланд ажиллаж эхэлсэн билээ. Урлангийн дэргэд номын сан нээгдэхэд түүний ном унших сонирхол нь эхэлсэн гэдэг. Тэрбээр өөрөө өөртөө боловсрол олгож, яваандаа конторт албан хаагчаар орж, эцэст нь өмгөөлөгч болох шалгалтаа амжилттай өгчээ. Чухам Филлморыг Цагаан ордонд анх номын сан бий болгосон гэж үздэг.
Авраам Линкольны хувьд тэр Библи болон Шекспирийн талаар нэвтэрхий мэдлэгтэй нэгэн байлаа. Ричард Никсон Оросын сонгодог зохиолыг шимтэн уншиж заримдаа өөрийгөө “Толстойчин” гэж нэрлэдэг байв. Жон Кеннеди адал явдалт детектив унших дуртай байв. Билл Клинтон бол номыг ер бусын их хэмжээгээр “залгилдаг” нэгэн. Зарим хүмүүс түүнийг хүн төрөлхтөний бичсэн бүх зүйлийг уншсан, түүнийг ямар нэг зохиолчийн нэрийг хэлснээр хэзээ ч гацаанд оруулж чадахгүй гэж үнэлдэг ажээ.
Саяхнаас ерөнхийлөгчийн уншиж байгаа эсвэл уншсан номны жагсаалтыг хэвлэн нийтлэх уламжлал тогтжээ. Ингэснээр бага Буш Эдвард Радзинскийн Хоёрдугаар Александрын тухай бичсэн ном, түүнчлэн Альбер Камюгийн “Хөндлөнгийн хүн” романыг уншсан болохыг бид олж мэдэж болно. 43-р ерөнхийлөгчийн унших ажлыг мэргэжлийн номын санч Лора Буш хариуцан эрхэлдэг байлаа. Нэгэн удаа тэрээр өөрөө хайртай зохиолч нь Достоевский, харин дуртай зохиол бол “Агуу инквизиторын домог” гэж хэлж байжээ.
Олон ерөнхийлөгчид зөвхөн унших биш, бас өөрөө ч үзэглэн бичих агуу чадвартай байлаа. ХХ зууны хагас хүртэл ерөнхийлөгч нарт үгийг нь бичих хүн томилдоггүй байсан бөгөөд тэд өөрсдийн хэлэх үг, нийтлэлийг бичдэг байлаа. Тедди Рузвельт түүхэн томоохон зохиолыг бичсэн бөгөөд нийтдээ 40 орчим ном, тоо томшгүй нийтлэл бичиж, тэр байтугай Америкийн түүхч нарын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Жимми Картер албан тушаалаа өгсөнийхөө дараа натуралист зохиолч, романы зохиогч, тэр байтугай яруу найрагч болсон билээ. Түүний анхны роман Тусгаар тогтнолын дайны үеийн үйл явдалд зориулсан “Үүр” хэмээх зохиол нь 2004 онд буюу түүнийг 79 насыг зооглох үед хэвлэгджээ.
Ричард Никсон биеийн тамирын сэтгүүлч болохыг мөрөөддөг байжээ. Нэгэн удаа тэрбээр Вашингтон Постын сурвалжлагчид “Хэрэв би бичиж чаддаг байсан бол чамтай ажлаа солихгүй юу” гэсэн гэдэг.Ямартаа ч тэр мэргэжлийн спортын тал дээр сайн мэдлэгтэй, тэр дундаа бейсболыг нэвтэрхий мэддэг нэгэн байлаа. Тэр байтугай улс төрийн яриандаа спортын нэр томъёо хэрэглэдэг байжээ.
ТЭР ЧАДДАГААРАА Л ТОГЛОДОГ
Америкийн ерөнхийлөгч нарын дунд хөгжимд дуртай хүн, тэр дундаа хөгжимчин цөөхөн байв. Томас Жефферсон хийл тоглодог байсан бол Калвин Кулиж аман хуур, Уильям Гардинг бүрээ, корнет, Билл Клинтон саксофон тоглодог байлаа. Тэд бүгд л сонирхогчид байсан.
Харин 33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн хөгжмөөр нэлээд гүнзгий хичээллэдэг байв. Хүүхэд байхдаа Европын шилдэг хөгжмийн сургуульд сурч байсан төгөлдөр хуурын багшаар хичээл заалгадаг байлаа. Тэр жинхэнэ авъяаслаг нэгэн байв. Харри өглөө таван цагт босч, хичээл эхлэхээс өмнө дуртай зэмсгээрээ ядаж хоёр цаг тоглох зав гаргадаг байлаа. Трумэны гэр бүлийнхний амьдарч байсан Ханзас хотод Польшийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Игнац Падеревский айлчлан ирэхэд /тэр 1919 онд Польшийн Ерөнхий сайд, гадаад хэргийн сайд байсан/ бяцхан хүү авъяасаа түүнд харуулж, тун ч их магтуулжээ. Харригийн эцэг, эхэд хүүгийнхээ хөгжмийн боловсролыг үргэлжлүүлэх мөнгө байгаагүй тул Трумэн улс төрд оржээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа Трумэн өөрийгөө болон зочдоо зугаацуулах үүднээсхөгжмөө тоглосон хэвээр байлаа. Олон түмэн түүний хөгжмийн энэ их авъяасыг мэддэггүй байсан бөгөөд 1945 онд дэд ерөнхийлөгч байхдаа тэр Үндэсний хэвлэл мэдээллийн клубт л хөгжмийнхөө ард сууснаар ил тод болсон гэдэг. Тухайн үед тэр үеийн алдарт кино од Лорен Бэккалл сууж байв. Тэрээр төгөлдөр хуурын таган дээр сууж олон түмэнд сайхан хөлөө харуулан төгөлдөр хуурч руу тачаангуй харц шидэлсэн гэдэг. “Дурлалт хосын” зураг маргааш өглөө нь сонингуудаар хэвлэгдэж ерөнхийлөгчийн эхнэрБесс түүнийг хардаж эхэлсэн гэдэг.
Никсон ч мөн сайн төгөлдөр хуурч, хийлч байв. Тэр Трумэныг бодвол сонгодог хөгжмийн тал дээр өндөрлөгчт хүрээгүй ч заримдаа Цагаан ордны хүлээн авалтан дээр олонд түгсэн алдарт аяудыг тоглодог байлаа. Нэгэн удаа тэр дэд ерөнхийлөгч Спиро Агнюгийн хамтаар сэтгүүлчдэд улс төрийн сэдэвтэй инээдмийн хөгжмийн үзүүлбэрийг хоёр төгөлдөр хууран дээр тоглон үзүүлжээ. Танхим тэр чигтээ хөхөрсөн гэдэг.
Спортын тэмцээнээс өөр ямар зүйл ерөнхийлөгч нарын харааг булаадаг байв аа? Кино урлаг хөгжихөөс өмнө зарим нь театр үзэх дуртай байжээ. Энэ нь Линкольнд нэн түрүүн хамаатай. Тэр тусмаа тэрбээр “Манай америк авга” хэмээх инээдмийн жүжиг тоглох үеэр Вашингтоны Форд театрын үзэгчдийн суудалд алагдсан билээ. Цагаан ордонд кинонд нэн дур хүсэлтэй нэгэн ерөнхийлөгч байсан нь Картер байв. Дөрвөн жилийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллах үедээ тэрбээр 465 удаа кино үзсэн гэдэг. Кеннеди вестерн болон Жеймс Бондын тухай киног үзэх дуртай байв. Никсон бол түүхэн кино, тэр дундаа “Доктор Живаго”-г үздэг байв. Зарим нэг түүний ажилтнууд энэ сонголтыг тун хачирхалтайд тооцдог байлаа. Тэдний бодлоор чөлөөт нийгмийн тэргүүн Оросын хувьсгалын талаарх киног таалах ёсгүй байлаа. Цагаан ордонд Франклин Рузвельт хамгийн мундаг цуглуулгатай нэгэн байв. Тэр бүр багадаа саа өвчин тусч хөдөлгөөнгүй урт удаан хугацаанд орондоо хэвтэх үедээмарк цуглуулдаг болжээ. Рузвельт цуглуулгад тун ул суурьтай ханддаг байсан агаад чухам газар зүй, түүхийн талаарх мэдлэг нь түүний энэ хоббиг төрүүлсэн гэж ярьдаг. Тэр анх удаа ерөнхийлөгч болоход түүний цуглуулгад 25 мянган марк байв. Тэр үнэхээр газар зүйн талаар онцгой мэдлэгтэй байв. Нэгэн удаа хэрэг эрхлэх газрын уулзалтан дээр түүнд гар дор нь Хятадын эрэг хавийн газрын зураг байсангүй. Газрын зураг авчруулахаар Пентагон руу хүн явуулжээ. Гэвч элчийг ирэхийг хүлээлгүйгээр Ерөнхийлөгч гараараа шаардлагатай хэсгийг зурсан байна. 1940 онд хэд хэдэн зөвлөхтэйгээ загасчилж явахад нь элч ирж Британийн нисэх хүчнийхэн Италийн Таранто дахь усан цэргийн баазыг бут ниргэсэн тухай мэдээ дуулгажээ.
Энэ газар хаа байдгийг ганцхан Рузвельт мэдэж байсан бөгөөд тус бааз Гибралтар болон Мальт хүртэл хэдэн бээрийн зайд байдгийг хүртэл оновчтой хэлж чадсан юм.
ШАРТАЙ ЖОННИ
Америкийн бүх ерөнхийлөгч нарын дундаас хамгийн сайн шатар тоглодог нь ганц Жеймс Гарфил байв. Зарим нь билльярд сонирхдог байсан бол /Цагаан ордонд анхны бильярдны ширээ Жон Квинс Адамсын үед тавигдсан юм/ Гэхдээ хөзөрчин ерөнхийлөгч олон байлаа. Хамгийн их шүлэнгэтэн дурладаг нь Франклин Рузвельт байв. Тэр покер, бриж, давхар хөзөр тоглодог, тэр байтугай Их Хямралын дараах эдийн засгийг сэргээх түүний алдарт хөтөлбөр New Deal нь үнэн хэрэгтээ шинэ гараа гэх хөзрийн хэллэгээр нэрлэгдсэн байдаг. Трумэний залгамжлагч ч мөн покерт нугасгүй нэгэн байлаа. Тэр үргэлж бага бооцоогоор тоглодог байсан тул алдсандаа огт харамсдаггүй, зүгээр л халуун элгэмсэг хүмүүстэй суух нь таалагддаг байв. Гэвч түүний нэгэн хамтран тоглогч, Дээд шүүхийн дарга Фред Уинсон тоглоомыг тун ч нухацтайгаар хүлээн авч нэгэн удаа хожигдсоныхоо дараа “Өө, муу өөдгүй хүү” хэмээн ерөнхийлөгч рүү хашгичсан гэдэг. Шүүгч тэр даруй биеэ барьж уучлал эрж эхлэхэд ерөнхийлөгч зүгээр л хөхөрсөн гэдэг. Никсон заримдаа хөзөр тоглож хожсон мөнгөөр өөрийн Конгресст сонгогдох сонгуулийн ажлыг санхүүжүүлдэг байлаа.
Одоогийн ерөнхийлөгч Барак Обама покер тоглодог. Тэр бүр залуу улс төрч байхдаа л тоглож эхэлсэн. Долоо хоног бүр лоббист нөхөдтэйгээ хөзөр тоглож суусан нь түүний карьерт их нөлөө үзүүлсэн юм. Обама түүнчлэн сагс тоглох дуртай. Гольфыг бол огт чаддаггүй, гэхдээ заалгаж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Жон Маккейн казиногоос бол буцахгүй. Тэр крэпс гэх шоогоор тоглодог мөрийтэй тоглоомыг илүүд үздэг. Крэпс флотын офицеруудын дунд онцгой түгээмэл юм. Түүнийг цэргийн академийн сургуульд хүргэж өгч байхдаа эцэг нь “Худал бүү хэл, бүү заль гарга, бүү хулгайл. Бусад нь бүгд шударга тоглоом” гэж сургаж байлаа. Энэтхэгчүүдийн хэрэг хариуцсан сенатын хорооны дарга байхдаа Маккейн тоглоомын бизнесийн салбарт хамаарагдах хууль тогтоомжин дээр ажилладаг, бас тоглох боломжийг алддаггүй байлаа.
Туслахуудынх нь хэлж байгаагаар тэр тун тооцоотой тоглогч аж. Тэр хэзээ ч хэтэрхий тоглоомондоо автдаггүй, бас их хэмжээгээр алддаггүй ажээ. Обамагийн хувьд ч тэр хожигдох дургүй нэгэн гэнэ. Хамтран тоглогчдынх нь хэлдгээр тэр бас азтай нэгэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ