Жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул талууд

Жирэмслэлтээс хамгаалах хавсармал дааврын бэлдмэл
Давуу талууд:
•Бүх насны эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой
•Бэлгийн хавьталд саад учруулахгүй
•Биений юм тогтмол, бага хэмжээгээр, цөөн хоногоор ирнэ.
•Биений юм ирэх үеийн өвдөлт багасна.
•Жирэмслэхээс хамгаалахыг хүсч байгаа хугацаагаараа хэрэглэж болно.
•Дуртай үедээ зогсоож болох ба жирэмслэх чадвар даруй сэргэнэ.
•Төмөр дутлын цус багадлаас сэргийлж, эмчлэх нөлөө үзүүлнэ.
•Умайн гаднах жирэмслэлт, умайн салстын ба өндгөвчний хорт хавдар, өндгөвчний уйланхай, хөхний хоргүй хавдар зэргээс урьдчилан сэргийлнэ.

Сул талууд:
Эхний 3 сард зарим гаж нөлөөнүүд үүсч болох ба эдгээр нь өвчний шинж биш, эмийг үргэлжлүүлэн хэрэглэхэд аяндаа арилна.
•Дотор эвгүйрэх
•Биений юмны мөчлөгүүдийн хооронд цус алдах болон цуcархаг ялгадас гарах (ялангуяа эмэгтэй эмээ уухаа мартсан эсвэл оройтож уусан тохиолдлуудад)
•Толгой өвдөх (хөнгөн хэлбэрээр)
•Хөхөөр хөндүүрлэх
•Биеийн жин бага зэрэг нэмэгдэх (зарим эмэгтэй үүнийг сайн нөлөө гэж үздэг)
•Биений юмгүйдэл үүсэх
•Өдөр бүр тогтмол цагт уугаагүй тохиолдолд үр дүн буурна.
•Артерийн даралт ихтэй, 35 ба түүнээс дээш насны, мөн өдөрт 20 ширхэгээс дээш тооны тамхи татдаг эмэгтэйчүүдэд маш ховор тохиолдолд тархинд цус харвах, хөлний гүний хураагуур судсанд цус бүлэгнэлт бий болох,зүрхний шигдээс үүсч болно.

Жирэмслэхээс хамгаалах яаралтай уух дааврын бэлдмэл
Давуу талууд:

•Бэлгэвч урагдах, буруу хэрэглэх, бэлгийн дарамтад орсон зэрэг төлөвлөөгүй нөхцөлд хийгдсэн бэлгийн хавьтлын дарах хүсээгүй жирэмслэлтээс хамгаална.
•Хүсээгүй үед хамгаалалтгүй хийгдсэн бэлгийн хавьтлын үр дүнд үүсэх жирэмслэлтээс хамгаалах цорын ганц арга.
•Жирэмслэхээс хамгаалж яаралтай уух эм хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулснаар үр хөндүүлэх хэрэгцээг бууруулна.

Сул талууд:
•Жирэмслэхээс хамгаалж яаралтай уух эмийг жирэмслэлтээс хамгаалах бусад аргыг орлуулах зорилгоор хэрэглэж болохгүй.
•Бусад аргуудтай харьцуулахад энэ аргыг хэрэглэсэн үед жирэмслэх магадлал өндөр, гаж нөлөө илрэх нь маш элбэг.

Эрэгтэй бэлгэвч
Давуу талууд:

•Жирэмслэхээс хамгаална.
•Бэлгийн замын халдвар, хүний дархлал хомсдолын вирүсээс хамгаална.
•Дааврын гаж нөлөө үзүүлэхгүй.
•Хүссэн үедээ бэлгэвч хэрэглэхээ зогсоож болно.
•Аль ч насны эрэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой.

Сул талууд:
•Зарим хүнд резин болон чийгшүүлэгч бодист харшил үүсч болно.
•Бэлгийн харьцааны үед бэлгэвч сугарах, урагдах эрсдэл бий.
•Хэт халуун, нарны шууд гэрэл ба хэт чийглэг орчинд хадгалсан, эсвэл тосон чийглэгчхэрэглэсэн тохиолдолд бэлгэвчний чанарт өөрчлөлт орж болно.

Ерөндөг
Давуу талууд:

•Удаан хугацаанд жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүнтэй, үйлчилгээг буцаах боломжтой.
•10 жил хүртэлх хугацаанд үйлчилнэ.
•Хүссэн үедээ авахуулж болно. Тэр даруй жирэмслэх чадвар сэргэнэ.
•Дааврын гаж нөлөөгүй.
•Хөхний сүүний гарц ба чанарт нөлөөлөхгүй.
•Бэлгийн харьцаанд саад болохгүй.
•Хүүхэд төрүүлсний дараа болон үр хөндүүлсний дараа шууд тавиулж болно.
•Умайн гадуурх жирэмслэлтээс сэргийлнэ.

Сул талууд:
•Эхний саруудад биений юм их хэмжээтэй, удаан хугацаагаар үргэлжлэн ирэх.
•Биений юм өвдөлттэй ирэх.
•Ховор тохиолдолд умай хана цоорох.
•Бэлгийн замын халдвар, хүний дархлал хомсдолын вирүсээс хамгаалахгүй.
•Олон бэлгийн хавьтагчтай эмэгтэйд зохимжгүй.
•Бэлгийн замын халдвартай эмэгтэй ерөндөг хэрэглэсэн тохиолдолд аарцгийн эрхтэнүүдийн үрэвсэл үүсэх хандлагатай. Улмаар үргүйдэлд хүргэж болно.
•Ерөндөг тавьсны дараа хэвлийгээр өвдөх, цус алдах, цусархаг ялгадас гарах зэрэг шинжүүд нэг хоёр хоног үүсч болно.
•Мэдэгдэх шинж тэмдэггүйгээр умайгаас сугарч болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ