Халзан хүмүүсийг "эмчилдэг" луйврын сүлжээг илрүүлжээ
Халзралтыг эмчилдэг гэх луйврын аргаар ажиллаж байсан 85 хүнийг Хятадын хойд нутагт шийтгэсэн байна. Энэ талаар “South China Morning Post” сонинд бичжээ.
Туссонинд дурдсанаар, шүүх хурал Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотод болсон байна. Энэхүү гэмт бүлэглэлийг анх гурван хүн байгуулж, хөгжлийн оргил үедээ 100 гаруй гишүүнтэй болсон аж. Тэд ложистик, маркетинг, зар сурталчилгаа болон санхүүгийн асуудал хариуцдаг байжээ.
Үүсгэн байгуулагчид нь ажилтнуудаа эмнэлгийн зөвлөх юмуу эмчийн дүрээр ажиллахад сургаж байсан байна. Эдгээр хүмүүс могойны өөхөөр хийсэн гэх тусгай бэлдмэл худалдан авахыг утсаар хүмүүст ятгадаг байжээ. Энэ тос нь үс унаж байгаа хүмүүст зориулагдсан гэнэ. Түүнчлэн эмийг “бөөр муутай” хүмүүстхудалдаж, ардын уламжлалт анагаах ухаанд бөөрний үйл ажиллагааг сайжруулахад үүнийг хэрэглэдэг хэмээн өвчтөнүүдийг ятгадаг байсан ажээ.
Улмаар бүс нутгийн нэг оршин суугч луйврын үйлдэл хийгээд байгааг анзаарч цагдаагийн газарт мэдэгдсэнээр, 2016 оны сүүлчээр энэ бүлгийг илрүүлжээ. Прокурорын байгууллагын мэдээлснээр, уг бүлгийнхэн тавхан сарын хугацаанд 8945 хүнийг мэхэлсэн байна. Тэд луйварчдад барагцаалвал 10,5 сая юанаа(ойролцоогоор 1,7 сая ам. доллар) алджээ.
Ийнхүү гэмт бүлгийн гурван толгойлогч 11–13 жил хоригдох ял сонсож, тэдний дор ажиллаж байсан хүмүүс 1-6 жилийн ял авсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ