Фидель Кастрогийн том хүү амиа хорложээ
Кубийн удирдагч асан Фидель Кастрогийн том хүү, шинжлэх ухааны доктор Анхель Кастро-Баларт өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Кубад амиа хорложээ.Энэ талаар Пренса Латина агентлаг мэдээлсэн байна.
Анхель Кастро сэтгэл санааны гүнзгий гутранги байдалд орж, үүнийгээ нэлээд хэдэн сар эмчлүүлж байжээ. Эхлээд тэрээр эмнэлэгт эмчлүүлж, дараа нь амбулаториар эмнэлгийн тусламж авч байсан аж.
Фиделийн 68 настай хүү нас барах үедээ Кубийн төрийн зөвлөлийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөх байсан бөгөөд инновацийн сэдвээр ажиллаж, Кубийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчийн албан хашиж байжээ. Өөрийн судалгаа шинжилгээний бүтээлээр тэрээр олон улсын эрдэм шинжилгээний бүлгийнхний дунд нэр хүндтэй байжээ.
1974 онд Анхель Кастро Диас-Баларт М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг онц дүнтэй төгссөн байна. Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнд (Дубна) дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. И.В.Курчатовын нэрэмжит атомын эрчим хүчний хүрээлэн, Нововоронежийн АЦС-ад ажиллаж байсан байна.
1983-1992 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг – МАГАТЭ-д Кубийн бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж, МАГАТЭ-гийн Ассамблейд кубийн төлөөлөгчдийн тэргүүн байжээ. 2004 оноос Кубийн төрийн зөвлөлийн шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байсан аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ