Спортын байгууллагуудын авилгад холбогдсон эсэхийг шалгана
АНУ-ын эрх баригчид олон улсын спортын хэд хэдэн байгууллагад хамаатай мэдээлэл танилцуулах шаардлагатай тухай асуулга тавьсан байна.Эдгээр байгууллагыг авилгад холбогдолтой байж мэдэх юм гэж сэжиглэж байгаа ажээ. Энэ талаар “Нью-Йорк таймс” сонинд мэдээлжээ.
Шалгалт хийхтэй холбоотойгоор илгээсэн шүүхийн зарлан дуудах бичгийн нэгтэй сэтгүүлчид танилцжээ.Энэ асуудлыг АНУ-ын ерөнхий прокурорын газар болон Нью-Йорк муж улсын Зүүн тойргийн прокурорын байгууллага хянан хэлэлцэж байгааг тодруулан тайлбарласан байна. Тухайлбал, мөрдөн байцаагч нар Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA), Олон улсын олимпийн хороо, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний олимпийн хороог сонирхож байгаа ажээ.
Сонинд бичсэнээр сүрдүүлж мөнгө завшсан, луйвар хийсэн болон хууль бус үйл ажиллагаагаар олсон орлогыг угаасан байж болох юм хэмээн Америкийн эрх баригчид сэжиглэж байгааг хэвлэлд дурджээ.Энэ нь олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах хотуудыг сонгоход хамаатай байж болох аж.Тухайлбал, мөрдөн байцаагч нар дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ. Энэ тэмцээн 2019 онд Доха, 2021 онд америкийн Южин (Орегон муж улс) хотод болох төлөвтэй байгаа юм. АНУ-ын эрх баригчид гэрчийн мэдүүлэг, санхүүгийн гүйлгээний тухай бичилт болон янз бүрийн баримт бичгийг авахаар төлөвлөж байгаа аж.
Мөрдөн байцаагч нар “Helios Partners” компанийг бас сонирхжээ. Сонинд бичсэнээр, тус компани спортын уралдаан тэмцээн явуулах эрх олж авах зорилгоор лоббын үйл ажиллагаа явуулахад хэд хэдэн улсад туслаж байсан байна. “Helios Partners” компани 2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрх олж авахад Орост дэмжлэг үзүүлсэн гэх мэдээ байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ