Монгол Улс 1.2 сая тонн зэсийн баяжмал боловсруулжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулж буй "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Манай улс 1.2 сая орчим зэсийн баяжмал, 20 орчим мянган тонн алт, 7.2 сая төмрийн хүдэр тус тус боловсруулаад байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны 12 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 33.7 хувь буюу 3 их наяд төгрөгөөр өссөн дүн гарсан.

2017 оны 12 дугаар сарын урдчилсан дүнгээр 47,567.3 мянган тонн нүүрс олборлож, 40,728.63 мянган тонн нүүрс борлуулснаас 33,320.3 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 135.53%, борлуулалт 120.39 %, экспорт 129.1%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Экспортын нүүрсний тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор "Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 320 дугаар тогтоолыг батлуулсан билээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/233 дугаар тушаалаар нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллаж, зам дээрх ачааллыг байхгүй болгосон.

Алт-2 аяны хүрээнд 2017 онд 18 тонн алт олборлохоос 20.01 тонн алт олборлож, хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтээ давуулан биелүүлээд байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ