"Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийн төсөл хэрэгтэй байна"

Монголбанк өнөөдөр “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү аян нь санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй гэдгээрээ онцлогтой аж.

Санхүүгийн хэрэглэгч гэж хэн бэ?

Санхүүгийн үйлчилгээг зөвхөн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй хувь хүнийг санхүүгийн хэрэглэгч гэж хэлнэ. Зарим улс оронд бичил аж ахуйн нэгжүүдийг хамруулах тохиолдол байдаг байна.

“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-д Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Бичил Санхүүгийн Хөгжлийн сан, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оролцох юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Банк гэдэг бол маш олон жилийн түүхтэй институци. Үүний өмнө 200 толгой малтай монгол малчин сууж байгаа. Тэр малчинд малаас өөр юу ч байхгүй. Энэ хоёрын харилцаа тэгш бус болж эхэлж байна.

Даатгалын компаниуд ч гэсэн ялгаагүй олон зуун жилийн түүхтэй механизм. Энэ хүмүүсийн хоорондын харьцааг бид ижил тэгш болгох чиглэлээр бид маш их ажил хийх ёстой гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн.

Тиймээс санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл энэ хугацаанд боловсруулагдах ёстой. Хуулийн төслийг өргөн бариулах, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг би өөрөө хариуцна. Энэ аяны хамгийн эцсийн бүтээгдэхүүн нь хуулийн төсөл байх ёстой. Эцсийн үр дүнд нь монгол хүн, Монголын санхүүгийн байгууллагууд бүгдээрээ л хожих ёстой” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ