Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхгүй
2011 оноос эхлэн яригдсан Дулааны V цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхгүй гэдгээ Эрчим хүчний яам мэдээллээ. Дулааны III цахилгаан станцын хашаанд барих-ашиглах-шилжүүлэх үндсэн нөхцөлтэйгөөр 450 мвт-ын хүчин чадалтайгаар энэхүү станцыг барихаар тооцоолж байжээ.
Улмаар хүчин чадлыг 830 мвт хүртэл хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэх бүтээн байгуулалт ийнхүү цуцлагдлаа. Төслийн тендерийг худалдаж авсан 24 компани дотор Францын “JDF Suez”, Японы “Sojitz”, БНСУ-ын “Posko Energy” болон “Ньюком” компаниудын түншлэл багтаж байсан юм.
Дулааны V цахилгаан станцын төслийг анх боловсруулахдаа III болон IV цахилгаан станцуудыг сэргээн засварлахын оронд хийж хэрэгжүүлэх ажлаар нэрлэж байлаа. Харин одоо эрчим хүчний бодлого эдийн засгийн хэмнэлттэй байх зарчмын хүрээнд эсрэгээрээ Дулааны V цахилгаан станцыг барихын оронд хуучин станцуудаа сэргээн засварлахаар болжээ.
Засгийн газар III болон IV цахилгаан станцыг шинэчилснээр 60 мянган айлыг цахилгаанаар халаах боломж бүрдэнэ гэж мэдээллээ. Хэдий тийм болов цахилгаан станцуудын өргөтгөл, шинэчлэлийн ажил 2021 оноос нааш дуусахааргүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ