Биткойн бидэнд хэрэгтэй юу?

Цахим мөнгө болох биткойн өнгөрсөн онд 20,000 ам.долларт хүрч, өндөр амжилт тогтоосон нь олон хүнийг соронзон мэт татаж байна.

Угтаа банк санхүүгийн байгууллага дамжихгүйгээр мөнгөө солилцдог нь биткойны гол онцлог юм. Арилжааны аль нэг банк дамжихгүйгээр арилжаанд оролцогчид мөнгөө өөр хоорондоо шилжүүлээд явчих боломжтой нь блокчейн технологийн гол онцлог аж. Гүйлгээ хийх, хянах гэх мэт бүх зардлыг хэмнэдэг учраас хүмүүс энэ технологийг сонирхоод байгаа гэнэ. Блокчейн технологийг хамгийн олонд таниулж, хүмүүст мэдүүлж байгаа нь биткойн юм.

Энэ технологийн гол онцлог нь төвлөрсөн бус. Аливаа улс оронд төв банк нь мөнгө хэвлээд гүйлгээнд оруулдаг бол блокчейний хувьд тийм биш. IT компаниуд, хувь хүн ч компьютер дээрээ хардвэйр, софтвэйр суулгаад олборлож зах зээлд нийлүүлдэг. Тэрийгээ тусгай код, криптографаар шалгаад хянаад явчихдаг. Төв банк шиг нэгдсэн нэг институци гаргаж буй мөнгөнийхөө үнэ цэнийг баталгаажуулаад хариуцлага хүлээдэг зүйл байхгүй.

Манай улсад одоогоор биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй байгаа. Хууль эрх зүйн хүрээнд ямар нэг зохицуулалтгүй яваа гэх тайлбарыг албаныхан өгч байгаа ч криптовалют гэсэн ойлголт шив шинэ сэдэвт тооцогдохоо нэгэнт больжээ. Цахим валютын зах зээлд оролцдог, арилжаа гүйлгээ хийдэг, энэ арилжааг сонирхогчид олширсон байна.

Биткойны хувьд жилийн өмнө олон хүний сонирхлыг татдаггүй байсан аж. Яг жилийн өмнө нэг биткойн 1000 орчим ам.доллар байснаа 2017 оны долоо, наймдугаар сард эрчтэй өсч 4000 ам.доллар давсан. Тэр үеэс хүмүүс амархан аргаар мөнгөө өсгөх боломж юм биш үү гээд сонирхоод эхэлсэн. Гэхдээ энэ нь хүмүүсийн төсөөлсөн шиг байнга дээшээ өсөх эсэх нь эргэлзээтэй юм. Саяхан гэхэд “JP Morgan” хөрөнгө оруулалтын банкны захирал “Биткойны ирээдүй сайхан харагдахгүй байна. Манай ажилтнууд энийг авсан бол ажлаас нь шууд хална” гэж мэдэгдэл хийсэн байна.

Биткойнд эрсдэл гэхээр нэг зүйл бий. Мөнгө угаалт оффшор үүсэх магадлал асар өндөр. Хянах боломжгүй. Интернэт байгаа цагт ямар нэг Засгийн газар зогсоож чадахгүй.

Сүүлийн үед манай зарим иргэд цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч байгаа аж. Энэ нь маш өндөр эрсдэлтэй юм. Монголбанк криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй байгаагаа мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй гэж үзэж буй юм.

Ийнхүү зриптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийсэн аж. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас иргэдийг сэрэмжлүүлэв.

Иймд бид өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх нь зөв юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ