Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдав уу?
Шатахуун түгээх станцууд шатахууны борлуулалтдаа хязгаарлалт хийж буй. Тодруулбал, өчигдөр өглөө “Магнай Трейд” ХХК-ийн нийслэл дэх ШТС-ууд борлуулалт хийхгүй байв. Мөн “Тэс петролиум”, “Тод Монгол”, “Магнай трэйд” ХХК-иудын зарим салбар баярын өдрүүдэд 30 мянга болон 100 мянгаас дээш үнэ бүхий шатахуун борлуулах хязгаарлалт хийснийг иргэд шүүмжилж байна.
Холбогдох мэргэжилтнүүд хяналт шалгалт хийх явцад “Магнай трэйд” ХХК, “Сод монгол” ХХК, “Тэс пэтролиум” ХХК-иудын Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, ялангуяа дизель түлшний жижиглэнгийн борлуулалтандаа хязгаарлалт хийсэн байдалтай байна.
Тухайлбал, “Тэс пэтролиум” ХХК-ийн хувьд нийт 100 салбартайгаас нийслэлд 26, орон нутагт 74 салбар /ШТС/-тай. Үүнээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 26-н салбараас Нарны гүүрний доод талд байрлах төв, Баянбүрдийн тойрогт байрлах ШТС-5 зэрэг 6-н салбартаа А-92 автобензин болон дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа “30000 төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэсэн хязгаарлалт хийсэн аж.
Сод монгол” ХХК-ийн хувьд “Сод Монгол групп” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгож байна. Түлш худалдан авах мөнгөн дүнгийн дээд хэмжээ нь 100.000 төгрөг бөгөөд үүнээс дээш хэмжээгээр худалдаалахгүй байгаа юм. “Магнай трейд” ХХК 92-р шатахуун түгээх станц нь дизель түлш болон АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 1470, А-92 автобензин 1630, дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус жижиглэнгийн үнээр борлогдож байна.
Үүнтэй холбоотойгоор шатахууны нөөц дууссан гэх шалтгаанаар үнийг нэмэгдүүлэх вийгэсэн хардлага нийгэмд үүсээд байна. Ер нь шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх гэж байгаа талаараа холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдээгүй төдийгүй эхний ээлжид хотын захад байрлах салбаруудынхаа шатахууны үнийг нэмсэн нь яалт ч үгүй үгсэн хуйвалдсан байж болзошгүй юм.
Хэрэв шатахууны энэ сарын импортын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад төрөл тус бүр дээр тонн тутамдаа дахин 22-26 орчим ам.доллараар өссөн зэрэг нь үнэ нэмэх зайлшгүй шалтгаан байсан бол үндэслэлээ тайлбарлаж, нэгэн зэрэг нэмэгдүүлэх ёстой баймаар. Гэтэл эхний ээлжид хоёр, гурван компани үнээ нэмсэн нь цаанаа нэг учиртай байгааг илтгэж байна.
Угтаа өнөөдөр үгсэн хуйвалдаад үнэ нэмэх ямар ч боломжгүй байна. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтвортой, манай импортлогч үйлдвэр “Роснефть”-ийн үнэ ч тогтвортой байна. Ерөөсөө ямар нэгэн савлагаа үүсэхгүй байгаа учраас нэмэх ямар ч боломжгүй гэсэн үг.
Хэрвээ дээрх компаниуд хууль тогтоомжийг зөрчиж, үгсэн хуйвалдсан нь тогтоогдвол хуулийн дагуу хэмжээ тооцож мөнгөн торгууль ногдуулах юм. Эргэн дурсахад өдгөөгөөс долоон жилийн өмнө “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” гэх үндэслэлээр шатахуун импортлогч найман компанийг 17 тэрбум төгрөгөөр торгож байсан юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ