Төгрөгийн ханш цаашид огцом унахгүй гэж үзжээ

2017 онд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 60 орчим төгрөгөөр чангарсан байна. "Инфляцын дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор төгрөгийн ханш сулрах боловч цаашид огцом унахгүй" гэж “Fitch” агентлагийн харьяа “BMI Research” үзэж байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2017 оны эцэс гэхэд 2.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа аж. Энэ нь бараа, үйлчилгээний импортын 6.1 сарын хэрэгцээг хангах түвшин гэдгийг Төв банк мэдэгдсэн юм.

Эдийн засаг тогтвортой өсөж, Төв банк алт худалдан авалтыг эрчимжүүлсэн, Олон Улсын Валютын Сан болон донор орнуудаас санхүүжилт орж ирсэн зэрэг нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Монголбанк мэдээллээ. Мөн төгрөгийн ханш чангарч, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа зэргээр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгааг Сангийн яам онцолж байна.

Түүнчлэн 2017 оны 12 дугаар сард “Fitch” агентлаг 2013 оноос хойш тасралтгүй дөрвөн шат уруудсан зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Валютын ханшийг тогтворжуулахын тулд өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын интервенц хийсэн гэдгийг Монголбанк онцлов. Үүнээс гадна 2017 онд 700 орчим ам.долларын зээлийн эргэн төлөлт хийлээ.

Харин 2018 онд Монгол Улсын Засгийн газар 260 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх хүлээлттэй байна. Өнгөрсөн онд зээлийн эргэн төлөлт хийсний дараа гадаад валютын нөөц 2.7 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь эерэг зүйл гэдгийг Сангийн сайд онцолсон юм. Өөрөөр хэлбэл эдийн засагт эерэг үр дүн гарч байгаа учраас энэ онд төгрөгийн ханш тогтвортой түвшинд байна гэж эдийн засагчид үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ