2017 онд ДЭЛХИЙД болсон гол онцлох үйл явдлууд
Өнгөрч буй 2017 он дэлхийн нийтийн хувьд үйл явдлаар тун арвин байлаа. Дэлхийн мэдээллийн олон портал эдгээрээс хамгийн чухлыг нь нэрлэж байна. Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн үзэж байгаагаар, энэ жагсаалтад дараах үйл явдлууд оржээ.
Трамп ерөнхийлөгчөөр сонгогдов
2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд олон талаар дуулиантай ялалт байгуулсан тэрбумтан Дональд Трамп 2017 оны нэгдүгээр сард Цагаан ордонд очив. Тэрээр “America First” гэсэн үгийг өөрийн засаглалын уриа болгож, тангарах өргөх үеэр “тус орны мартагдсан хүмүүс дахин мартагдахгүй” хэмээн амласан билээ.
Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш бараг жилийн дараа ажилгүйдлийн түвшин буурч, биржийн үзүүлэлтүүд сайжирснаар эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна.
Ингэхдээ Цагаан ордны эзэн сонгуулийн өмнө өгч байсан хэд хэдэн дуулиант амлалт болох өмнөх ерөнхийлөгчийн эхлүүлсэн эрүүлийг хамгаалах системд хийх шинэтгэлийг цуцлах, АНУ, Мексикийн хооронд хана барих, дэд бүтцийн төслүүдэд олон тэрбум долларын хөрөнгө оруулах амлалтаа хараахан биелүүлж чадсангүй.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын оролцоо
Дональд Трамп гагцхүү Оросын дэмжлэгтэйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялсан болж таарчээ.Америкийн улс төрийн бүлгийнхний олон төлөөлөгч үүнд итгэлтэй байгаа аж.
Ийнхүү АНУ-ын конгресс Холбооны мөрдөх товчоотой хамтран энэ талаарх албан ёсны мөрдөн шалгалт явуулж эхлэсэн юм. Сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад АНУ-ын улс төрийн байгууллагын ресурст Оросын хакеруудын зүгээс халдлага хийснийг нотлох баримт,Трамп түүний багийн гишүүд болон Оросын төрийн албан хаагчид санхүүгийн талаар холбоо сүлбээтэй байсан эсэх баримтыг эрж хайж байна.
Орос улсад эдгээр зэмлэлийг огт худал зүйл гэж үздэг юм.
Аялал жуулчлалын газрууд дахь террорын ажиллагаа
2017 онд автомашиныг гэмт хэргийн гол зэвсэг болгон ашигласан хэд хэдэн террорын ажиллагаа жуулчдын дунд нэртэй газруудад болсон билээ.
Эдгээрээс Лондон хотод хоёр удаа ийм террорын ажиллагаа үйлдсэн юм. Тухайлбал, гуравдугаар сард Вестминстерийн гүүрний явган зорчигчийн бүсэд машин хөлөглөсөн террорист хүмүүсийг дайрч, дараа нь хутга агсан Британийн парламентын байранд дайран орох гэснээргурван хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтсэн билээ. Мөн зургаадугаар сард фургон машинтай гурван этгээд Лондоны гүүрийн хавьд эхлээд явган зорчигчдыг дайрч, дараа нь хүмүүсийг хутгалснаар, долоон хүн амь үрэгдэж, 50 хүн бэртэж гэмтжээ.
Дөрөвдүгээр сарын эхээр Стокгольм хотод мөн ийм террорын ажиллагаа үйлдсэн юм. Машин хөлөглөсөн лалын шашинт этгээд хотын төвийн худалдааны гудамжаар давхин, дараа нь худалдааны төвийн хаалгыг мөргөжээ. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 15 хүн бэртэж гэмтсэн байна.
мөн аравдугаар сарын сүүлчээр Нью-Йоркт мөн ийм ажиллагаа үйлдсэн юм. Фургон машинтай террорист Манхэттены унадаг дугуйн замаар явж байсан хүмүүсийг дайрч, үүний улмаас 8 хүн, түүний дотор гадаадын жуулчид амь насаа алдаж, арван хүн бэртэж гэмтжээ.
Тавдугаар сард исламын шашинт этгээд Манчестерын концертын танхимд нэрт дуучин Ариана Грандегийн концертын үеэр дэлбэлэлт үйлдэж, үүний улмаас 22 хүн, голдуу өсвөр насныхан амь үрэгдсэн байна.
Наймдугаар сард Барселон хотод үйлдсэн террорын ажиллагаа нь хохирогчдын тоогоор хамгийн цуст яргаллын нэг болжээ. Тэнд фургон машин хөлөглөсөн Марокко гаралтай бүлэг этгээд жуулчны гол гудамжаар явахдаа 13 хүнийг дайран алж, 100 орчим хүнийг гэмтээсэн байна. Мөн энэ этгээдүүд ойролцоох рашаан сувиллын газарт хүмүүсийг дайрч, үүний улмаас нэг эмэгтэй амь үрэгджээ.
Ким Чен Намын амь насыг бүрэлгэж, БНАСАУ цөмийн туршилт хийв
Өнгөрч буй оны зарим нэг үйл явдал Умард Солонгостой холбоотой байлаа. Хоёрдугаар сард Куала-Лумпур хотын нисэх буудалд БНАСАУ-ын одоогийн удирдагчийн ах Ким Чен Намыг хордуулж алсан юм. Түүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэн Вьетнам, Индонезын иргэн хоёр эмэгтэйг баривчилж, шүүхэд татсан бөгөөд тэд өөрсдийг нь телевизийн шоунд оролцуулахаар хөлслөсөн гэж хэлж байжээ. Пхеньяны эрх баригчид энэ хэрэгт холбогдолтой гэдгээ эрс няцаадаг юм.
Оны туршид Умард Солонгос хэд хэдэн удаа баллистик пуужин харавсан нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг хурцатгаад байна. “Хвасон-15” пуужин туршсаныдараа БНАСАУ-ын пуужин одоо “АНУ-ын нутаг дэвсгэрийн ямар ч цэгт” хүрч чадна гэж Пхеньяны эрх баригчид мэдэгдсэн юм.
Түүнчлэн Умард Солонгост устөрөгчийн бөмбөг туршсан байна. Үүний хариуд АНУ Өмнөд Солоонгосын армитай хамтран хэд хэдэн удаа тактикийн сургуулилт хийж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай шийдвэр гаргасан юм.
Макрон ерөнхийлөгчийн албан тушаалд оров
Тавдугаар сард Францын ерөнхийлөгчийн сонгнуульд 39 настай Эммануэль Макрон ялж, Наполеон Бонапартын үеэс хойшевропын орнуудын хамгийн залуу удирдагч болсон юм.
Макроны гэргий Брижит нөхрөөсөө 24 насаар эгчмэдгэдэг нь сонин. Тэд ирээдүйн ерөнхийлөгчийг бүрахлах сургуульд сурч байхад нь танилцжээ.
АНУ Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрээс гарав
Агаар мандалд хүлэмжийн хий цацагдах явдлыг багасгахаар заасан 2016 оны Парисын уур амьсгалын тухай хэлэлцээрээс АНУ ерөнхийлөгч Трампын санаачлагаар гарч байгааг өнгөрсөн зун зарласан билээ. Ингэхдээ "Хэрэв хэлэлцээрийн болзлууд Америкийн бизнес, ажилчид, ард түмэн болон татвар төлөгчдийн хувьд илүү ашигтай болвол, АНУ хэлэлцээрт эргэн нэгдэж болох юм" гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Нью-Йорк хот ерөнхийлөгчийн шийдвэрт захирагдахаас татгалзаж, хэлэлцээрийн заалтуудыг цаашид ч баримтлах болно гэдгээ мэдэгджээ.
Каталонийнтусгаар тогтнох тухай санал хураалт
Испаниас тусгаарлах тухай нийт ард түмний санал хураалт аравдугаар сарын 1-нд Каталонид болсон юм.Санал өгөх эрхтэй5,31 сая каталоничуудаас 2,28 сая нь санал хураалтад оролцож, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолын төлөө байгаагаа илэрхийлжээ.
Испанийн эрх баригчид энэ санал хураалтыг хууль бус гэж үзэн, Каталонийн парламентыг тарааж,энэ бүс нутагтзавсрын сонгууль явуулахаар зарласан билээ. Каталонийн засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон болон түүний талын хүмүүс Бельгид зугадан гарсан юм.
Ингэхдээ арванхоёрдугаар сарын 21-нддахин болсон парламентын сонуульд тусгаар тогтнолын талынхан дахин ялалт байгуулж, тиймээс Каталонийн эргэн тойрны байдал удаан хугацаагаар сунжирах төлөвтэй байна.
Лас-Вегаст гарсан буун дуу
2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд 64 настай Стивен Пэддок гэгч Лас-Вегас хотын “Мандалай Бэй” зочид буудлын 32 дахь давхрын өрөөнөөсөө гадаа тоглож байсан кантри-хөгжмийн концертын үзэгчид рүү автомат буугаар гал нээжээ.
Үүний улмаас 59 хүн амь үрэгдэж, 500 орчим хүн шархадсан юм. Пэддок өөрөө амиа хорлосон бөгөөд түүний энэ үйлдлийн шалтгаан нь одоо болтол тодорхойгүй байгаа ажээ. Энэ халдлага нь амь үрэгдэгсэд болон хохирогчдын тоогоор АНУ-ын түүхэнд хамгийн томд орж байгаа юм.
Сүйтгэлт хар салхи
Өнгөрч буй онд АНУ болон Карибын тэнгисийн сав газрын орнуудыг асар хүчтэй хэд хэдэн хар салхи дайрч, олон зуун тэрбум долларын хохирол учруулжээ. Наймдугаар сарын сүүлчээр Техас муж улс “Харви” хэмээх халуун бүсийн хар салхинд өргтөж, Хьюстон хот бараг бүхэлдээ усанд автсан байна. Энд 30 орчим хүн амь үрэгдэж,хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Хэдэн долоо хоногийн дараа “Ирма” хэмээх хар салхи Флорида муж улсыг сүйрүүлсэн юм. Энд 12 хүн амь үрэгдэж, “Ирма” хар салхи өмнө нь Карибын тэнгисийн сав газрын хэд хэдэн аралд ноцтой хохирол учруулж, 120-иос цөөнгүй хүн амь насаа алджээ.
Есдүгээр сарын сүүлчээр “Мария” хэмээх хар салхи Пуэрто-Риког дайрсан ньсүүлийн 100 жилд тус аралд болсон хамгийн хүчтэй хар салхи байв. Байгалийн гамшигийн улмаас олон арван хүн амь үрэгдэж, олон зуун байшин нурж,арлын цахилгааны хангамжийн системийг бараг бүрэн сүйтгэсэнбөгөөд эндхийн хэд хэдэн нутагт энэ системийг сэргээхэд олон сар шаардагдаж мэднэ.
Рохинжа нар Мьянмагаас дүрвэн гарсан нь
Мьянма улсын (хуучин Бирм улс)нутагт аж төрдөг рохинжа ястны ядуу зүдүү байдал есдүгээр сарын эхээр дэлхийн хамтын нийгэмлэгийн анхааралд өртсөн юм. Рохинжа ястны дайчдын эсрэг тус орны эрх баригчдын явуулсан цэргийн ажиллагаанаас болоод энэ ястны нэлээд хэдэн зуун мянган төлөөлөгч хөрш Бангладеш улсын нутагт дайжин гарч, түр хуарангуудад байрлахад хүрчээ. Олон хүн түүний дотор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга рохинжа нарын байдлыг хүмүүнлэгийн сүйрэл хэмээн тодорхойлсон юм.
Лалын шашинт рохинжа нар болон буддын шашин шүтдэг бирмчүүдийн мөргөлдөөн Ракхайн мужид олон жил үргэлжилж байгаа юм. Рохинжа нар өөрсдийгөө Ракхайн мужийн нутгийн уугуул оршин суугчид хэмээн үзэж, өөрийн гэсэн улс байгуулахыг зорьж байгаа ажээ. Харин Мьянмагийн эрх баригчид тэднийг Бангладешаас ирсэн цагаачидхэмээн үздэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ