"Татварын суурийг багасгаж, ашгийг зувчуулахгүй байх төсөл"-ийг хэрэгжүүлнэ

Монгол Улс 'Татварын суурийг багасгаж, ашгийг зувчуулахгүй байх төсөл'-ийн гишүүн болжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2017.12.26/ мэдээлэл хийв.

'Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг төсөл' (BEPS)-ийг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлдэг.

Европын холбоо энэ сарын эхэнд анх удаа татвараас зайлсхийдэг бүсүүдийн хар жагсаалт гаргаж, 17 бүсийг нэрлэхэд Монгол Улс багтсан.

Татвартай холбоотой мэдээлэл нь ил тод бус, гадаадын иргэдийн Монголд эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээг тодорхой зарладаггүй зэрэг ньМонгол Улсыг хар жагсаалтад багтаах үндэслэл болсон юм.

Засгийн газар дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд энэ сарын 20-нд 'Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг төсөл'-ийн удирдлагад захидал илгээн, Монгол Улс тус төслийн гишүүн болох хүсэлтэй байгааг албан ёсоор илэрхийлжээ. Хүсэлтийг хүлээн авч, 111 дэх гишүүн улсаар бүртгэсэн нь хар жагсаалтаас гарах эхний алхмыг хийсэн байна.

Тус төсөлд хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газар Татварын тухай хуульд өөрчлөлт оруулан, татварыг илүү тод нээлттэй болгох, татвар хураалт, тайлагнал, татвартай холбоотой маргаан шийдвэрлэх шат дамжлага зэргээ олон улсын стандартад нийцүүлэх үүргийг хүлээж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ