“Шивээ-Энержи” цогцолбор төслийн ТЭЗҮ-ийг танилцуулав

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлоход чиглэж байгаа юм.

Төсөл хэрэгжсэнээр хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулан, нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болно. Удаан хугацаанд яригдаж байгаа уг төслийн ТЭЗҮ-ийн боловсруулалтыг БНХАУ-ын талаас хариуцаж байгаа “Стэйт Грид Корпораци”-ийн тал танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төслийг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монголын тал төслийг ТЭЗҮ-ийг хүлээн авч, танилцаж дүгнэлт гаргана. Хятадын талтай цахим шуудан эсхүл албан тоотоор харилцаж, шаардлагатай тохиолдолд тодорхой сэдвээр уулзалт зохион байгуулах замаар ажиллаж, гурван сарын дотор ТЭЗҮ-ийн хэлэлцүүлгийн ажлыг дуусгахаар ажиллах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ