Татвар нэмэгдэхэд та яаж хохирох вэ?

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр Засгийн газраас долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан билээ.

Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн ОУВС-ийн төлөөлөгчидтэй хамтарсан мэдээллийн үеэрээ “Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох тооцоолол хийсэн. Татварын шатлалын хэмжээнээс хамааран 10, 15, 20, 25 хувь болгохыг шаардсан байгаа. Бид зөрүүлээд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг 84,000 төгрөг байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөгөөр хөнгөлөлтийн түвшинг нэмэгдүүлэхээр тооцоо хийсэн” гэж хэлсэн юм.

Бүр тодруулбал, 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай хүний хувь хүний орлогын татвар 10% хэвээрээ байна.

Харин:

  • 1,500,000 - 2,500,000 - төгрөгийн цалингийн ХХОАТ 15%
  • 2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалингийн ХХОАТ20%
  • 3,500,000-aaс дээш төгрөгийн цалингийн ХХОАТ 25% болж өсөх төсөөлөл байна.

Гэхдээ 2,000,000 төгрөгийн цалинтай хүн (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлөх аж.

Хувь хүний орлогын татварын ачаалал буурснаар нийгмийн 85 хувийнх нь гарт очих цалин нэмэгдэнэ гэвэл үгүй юм. Хэдийгээр хувь хүний орлогын татварыг шатлалтай болгож бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж буй нь сайн хэрэг боловч нийтээр нь НДШ-ийг иргэний төлж байгаа 10 хувийг 11 болгох, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10-11 хувийг мөн 11-12 болгож нийтдээ НДШ-ийг хоёр хувиар нь нэмэгдүүлэх шийдэл ийнхүү дийлэнх иргэдийн цалинг бууруулахад хүргэж байна.

Үндэсний Статистикийн хорооны гаргасан мэдээллээр, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь 300,000 төгрөг хүртэл цалин авч байна. Харин үлдсэн 85 хувь нь түүнээс дээш цалин авч байгаа аж.

Тэгэхээр одоо Засгийн газрын боловсруулалтын шатандаа байгаа энэхүү төслөөр нийт хөдөлмөр эрхлэгчдийн 85 хувь нь 2018 оноос одоогийн авч буй цалингаа бууруулж авах юм.

Энэ бол үнэхээр шударга бус шийдвэр юм. Энэхүү хууль хэрэгжсэнээр аж ахуй нэгж, ажилтан, ажилчны нуруун дээр хүнд дарамт болох төдийгүй айл өрх, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлж, өрийн дарамтыг шууд нэмэгдүүлнэ.Өөрөөр хэлбэл, татварын нэмэгдэл дампуурал, ядууралд хүргэхийг олон нийт сануулж буй. Тухайлбал, өчигдөр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос татварын нэмэгдлийг эсэргүүцэж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн.

Тэдний хэлж буйгаар аж ахуйн нэгжүүд ажлын байраа өргөжүүлэх, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж хумигдахыг санууллаа. Эдийн засгийн энэ хямралын үед олон аж ахуйн нэгж татварын болон нийгмийн даатгалын өртэй үлгэн салган хөл дээрээ тогтож байхад нийгмийн даатгалын хувь хэмжээ ихсэж ажил олгогч 13.5 хувь, ажилчин 12.5 хувь, бүгд 26 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон нь жижиг дунд үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэж, татварын энэ нэмэгдлээс болж олон хүн ажлын байраа алдаж болзошгүйг дуулгасан.

Угтаа ийм нөхцөлд байгууллага ажилчдын цалинг нэмэхгүй, нэмээд ч иргэдийн гарт буудаг цалинд огт өөрчлөлт орохгүй юм. Мөн ийм бохир бодлогын үр дүнд дахиад л нууж хаах худал хуурмаг тайлан хийх үндэс болж байна.

Улсын төсөв бүрдүүлэх нэрээр ажил хийдэг иргэдээ цөлмөөд эсэргээр нь ажилгүй хүмүүст тэтгэмж нэрээр хурган дарга нарын арын хүмүүсийг хооллох гэж хэмээн иргэд ихэд бухимдаж байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ