Майданы аллагын үеэр хөлсний этгээдүүдэд мөнгө өгч байжээ
2014 оны хоёрдугаар сард Киевын төв талбайд хүмүүсийг буудаж байсан Гүржийн хөлсний этгээдүүдэд тус бүр 5 мянган ам.доллар өгөхөөр амлаж байжээ. Украины телевизийн “121 Украина” сувгийн шууд нэвтрүүлгээр өмгөөлөгч Александр Горошинский ингэж ярьсан байна.
Түүний хэлснээр, Гүржийн хоёр иргэн Майданд хүмүүсийг буудуулахаар Украинд авчирсан 50 хүнтэй бүлэгт багтаж байсан тухайгаа украины өмгөөлөгч нарт ярьжээ. Ингэхдээ тэд өөрсдөө хүмүүсийг буудаагүй хэмээн тэд нотлож байгаа гэнэ.
“Тус бүр 10 хүнтэй бүлэг бүр янз бүрийн цэгт байрлаж, өөр өөр үүрэг даалгавартай байсан. Өөрөөр хэлбэл, өөрсдийн захирагч нар юмуу бүлгийн удирдагчдын тушаалаар өөр өөр үед зэвсэг хэрэглэх даалгавартай байсан байна” гэж Горошинский хэлжээ.
Өмнө нь Италийн телевизийн “5 суваг”-ийн үзүүлсэн баримтат кинонд сэтгүүлчид Коба Нергазе, Залога Кварацхелия, Александр Ревазишвили нараас ярилцлага авсан байна. Энэ хүмүүсийн хэлснээр, Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили тэднийг 2014 онд Киевт ирүүлжээ. Байдал хурцадсан агшинд цагдаагийн “Беркут” ангийн ажилтнууд болон эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг буудах тушаалыг манай отрядад өгсөн гэж тэдний нэг нь ярьсан байна.
2013 оны арваннэгдүгээр сарын 21-нд евроинтеграцын талынхан Киевийн төв талбайг эзлэсэн юм. Сүүлд нь уг талбай жагсагчид болон цагдаа нарын сөргөлдөөний голомт болсон байна. Майданд зэвсэг хэрэглэсэн 2014 оны хоёрдугаар сарын 18-нд байдал эрс хурцаджээ.
Энэ сөргөлдөөний үеэр нийтдээ 100 гаруй хүн амь үрэгдсан юм. Украины шинэ эрх баригчид үүнд ДХЯ-ны тусгай зориулалтын “Беркут” ангийг буруутгасан юм. Харин тус ангийн ажилтнууд энэ аллагад холбогдолтой гэдгээ няцаадаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ