Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөг буюу 33.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.1 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.0 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс алт, молибдений баяжмал, нүүрс, буталмал чулуу, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.3-61.8 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, вакуум цонх, хаалга, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, самнасан ноолуур, малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.3 хувиас 2.8 дахин өсчээ.
Харин газрын тос, зэсийн баяжмал, цайрын баяжмал, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүний олборлолт 6.7-29.6 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, хиаман төрлийн бүтээгдэхүүн, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0-21.7 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 11 сард 13.8 их наяд төгрөгт хүрч, 9.2 их наяд төгрөг буюу 66.8 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ