Татвар нэмэгдэхэд та бэлэн үү?
Манай улс урт удаан хэлэлцээний дүнд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Үүний тулд төсвийн тодотгол хийж, долоон төрлийн татвар нэмэх ёстой. Ингэхгүйгээр дээрх хөтөлбөрт хамрагдах боломжгүй гэлцсэн билээ. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татварыг дараах байдлаар нэмнэ.
- Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм. .
- Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ
- Нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх онд нэг, 2019 онд хоёр хувиар тус, тус нэмэгдүүлнэ. Мөн тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд эрэгтэйчүүд 2026 оноос, эмэгтэйчүүд 2036 оноос 65 нас хүрч байж тэтгэвэрт гардаг болно. Үүний тулд тэтгэврийн насыг жилд зургаан сараар буюу хоёр жилд нэг насаар нэмэгдүүлж, энэ түвшинд хүргэх аж. Нийгмийн даатгалын сан хоосорч, 2019 оноос төсвөөс Тэтгэврийн санд нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж буй. Энэ хэмжээний татаас өгөх боломжгүй, эх үүсвэргүй учраас ийм арга бодож олсон гэнэ.
- Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг ирэх онд 10, 2019 онд тав, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.
- Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөнө.
Дээрх татваруудыг нэмснээр энэ онд 203.4, ирэх онд 476.1, 2019 онд 497.9 тэрбум төгрөгөөр төсвийн орлого өсөх тооцоог Сангийн яам хийжээ. Мөн ОУВС-гаас нийгмийн халамжаа зорилтот бүлэгт түлхүү чиглүүл гэсэн учраас “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгоно гэж буй. Засгийн газрын бэлэн болгосон төсвийн тодотгол ийм.
Өнгөрсөн явдлыг нэхэн санаад, өнөөгийнхтэй харьцуулан харвал татвар нэмж, иргэдийн бүсийг чангалах энэ тулгалт дан ганц ОУВС-гийнхнаас гарсан гэхэд эргэлзмээр ч юм шиг. УИХ-ын сонгуулиар олонх болсон эрх баригчид өнгөрсөн намар төсвийн тодотгол боловсруулан ээлжит бус чуулган зарласан. Уг тодотголын амин сүнс, гол зорилго нь долоон төрлийн татвар нэмж, төсвийн алдагдлыг нөхөх байв. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Татвар нэмэхгүй гэсэн сонгуулийн амлалтаа зөрчиж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй болгох нь” хэмээн эсэргүүцэж, улс төрийн шийдвэр гарган болиулж байв.
ОУВС хатуу чанд шаардлагатай байгууллага ч хэлэлцээ бол хэлэлцээ. Ширээний ард суусан хоёр тал бие биенийхээ саналыг сонсож, харилцан тохиролцож, байр сууриа нэгтгэж байж тодорхой шийдэлд хүрч таарна. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүн “Татвар нэмэх, хасах асуудлаа Засгийн газар өөрөө шийдэх ёстой. Тэгэхгүй гадаадын байгууллагын шахалтаар үүнийг хийж буй мэтээр ойлгуулах нь зохисгүй” хэмээн байр сууриа илэрхийлж харагдсан. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийн “шүүсийг шахаж” байгаа хэрнээ зардлаа танах талд дорвитой арга хэмжээ авах төлөвлөгөө манайханд ч, ОУВС-гийнханд ч байхгүй нь бас л гайхмаар.
Хөтөлбөрт тусгаснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр заасан. Шимтгэлийн хувь хэмжээг өсгөх нь ажил олгогч болон шимтгэл төлөгч хоёрт тодорхой хэмжээний дарамт болно, нуух юм байхгүй. Гэхдээ одооноос бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019 оноос төсвөөс Тэтгэврийн сан руу нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж байгаа. Энэ хэмжээний татаасыг төсвөөс хийх боломжгүй.
Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Цалин нэмэгдээгүй байхад татварыг нэмэх нь зүйд нийцэх үү. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсгэлээ.
Мөн гурван талт хэлэлцээрт “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулсан мөн л зөрчигдөх нь.
Түүнчлэн нефть импортлогч компаниуд шатахууны үнээ хууль бусаар нэмсэн. Хуучин үнэнд нь буцааж оруул гэдэг шаардлагыг компаниудад өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шатахууны үнэ буураагүй. Ийм байхад Онцгой албан татварыг нэмэх нь шатахууны үнэ, тарифыг нэмэгдүүлэх том хөшүүрэг болно. Ер нь өр тавьж тансаглахыг нь улстөрчид хийж, төлөхийг нь ядарсан ард иргэдийн татвараар төлөх нь зүйд нийцэх юм уу? Шударга бус байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ