Техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо өчигдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга, ноён Жосеф Коллартай техникийн туслалцааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны хүрээнд банкнаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулан эхний ээлжинд 200,000 еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь урьд өмнө гишүүн орнууддаа хэрэгжүүлж байгаагүй техник туслалцааны төслийг Хороотой хамтран анх удаа Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж буй нь энэ юм. Төслийн сонгон шалгаруулалтыг банк нээлттэй зохион байгуулж, Хороо нь дэлхийн санхүүгийн салбарт танигдсан Ernst and Young компанийн шинжээчидтэй хамтран 2018 оны нэгдүгээр сараас эхлүүлнэ.

НҮБ-д бүртгэлтэй, Москва хотноо төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Евро бүсийн салбар Братиславд байрлаж байна. Тус банкинд Монгол болон Бүгд Найрамдах Болгар улс, Унгар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Куба Улс, ОХУ, Румын, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Чех Улс улсууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүн орнуудынхаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийг дэмжихэд банк үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ