"Биткоин" бидэнд хэрэгтэй юу?

Сүүлийн үед хүмүүс "биткоин" гэх зүйлийг хөндөн ярьж, зарим нь сонирхон судалж, эзэмшихээр зүтгэж буй. Тэгвэл биткоин гэж чухам юуг хэлээд байна вэ?

Биткоин бол цахим мөнгөн тэмдэгт. Сатоши Накамото гэх зохиомол нэртэй нэгэн 2009 онд анх санаачилжээ. Биткоины гүйлгээ хэн нэгэн хүн, эсвэл ямар нэг банкаар дамждаггүй. Гүйлгээний хураамж гэж байхгүй бөгөөд жинхэнэ нэрээ ашиглах шаардлагагүй. Вэбхостингийн үйлчилгээ, пицца захиалах, бүр маникурын үйлчилгээний төлбөрийг ч биткоиноор хийх боломж дэлхий нийтэд хэдийн нэвтэрчээ.

Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хүртэлх тооны хэрэглэгч байдаг гэнэ. Гэхдээ далд хэлбэрийн энэ төлбөр тооцооны аргыг гэмт хэргийн шинж чанартай зүйлд ашиглах тохиолдол цөөнгүй гарах болсон тул АНУ, Европын хууль хяналт, санхүүгийн байгууллагууд болгоомжлох болсон байна.

Хүмүүс нэрээ нууцлан бараа бүтээгдэхүүн худалдан авахад биткоиныг ашиглаж болно. Мөн олон улсын төлбөр тооцоонд ашиглахад хялбар, бас хямд. Учир нь биткоин аль нэг орны, ямар нэг дүрэм журамд захирагддаггүй. Кредит картны хураамж гэж байхгүй болохоор жижиг бизнес, наймаа эрхлэгчид ихэд таашаадаг гэнэ. Зарим хүмүүс хөрөнгө оруулалт хэлбэрээр биткоин худалдан авах нь ч ихэссэн. Ирээдүйд үнэд хүрнэ гэж тооцсон учраас тэр ажээ.

Биткоин хэрхэн худалдаж авах вэ?

Арилжаа: “Биткоин арилжаа” гэж нэрлэсэн газрууд цөөнгүй бий. Тэндээс хүмүүс төрөл бүрийн валютаар биткоин худалдан авч, эсвэл худалдаж болно. Японы Токиод төвтэй Mt. Gox бол одоогоор дэлхий дээрх хамгийн том биткоин арилжааны зах юм.

Мөн Мобайл аппликейшн, эсвэл компьютер ашиглан нэг нэгэндээ биткоин илгээж болно. Цахим хэлбэрээр мөнгө шилжүүлдэгтэй ижил гэсэн үг.

Олборлолт: Цахим хэрэглэгчид биткоин “олборлож” болно. Компьютерээр математик тэнцэтгэл, бодлого бодож биткоин олж авах боломжтой. Одоогийн дүрмээр 10 минут тутамд 25 биткоин хожих зарчим үйлчилж байна. Цахим орчинд биткоин цуглуулах боломжтой сайтууд цөөнгүй байдаг.

Биткоин “цахим түрүүвч”-нд хадгалагддаг. Үүнийг нэг төрлийн виртуал банкны данс гэж ойлгож болох бөгөөд хэрэглэгч нь биткоин илгээж, хүлээн авч, эсвэл биткоин нэвтрүүлсэн газруудад төлбөрөө биткоиноор хийж, мөнгөө хэмнэх боломжтой. Банкны данснаас ялгаатай нь даатгалын санд холбогдоогүй.

Дэлхий маш хурдтай хөгжин өөрчлөгдөж байна. Харилцаа холбоо хил хязгааргүй болж 100 гаруйхан жилийн өмнө төсөөлөх ч боломжгүй байсан тэдгээр зүйл бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болоод удаж байна. Гэтэл банк санхүү, мөнгөний систем л энэ бүх өөрчлөлт шинэчлэлээс холуур өнгөрч байв. Саяхныг хүртэл...

Хэдэн зуун жилийн өмнө цаас алт, мөнгийг орлодог болно гэж хэн нэгэн хэлсэн бол галзуу мэт сонсогдох байсан байх. Гэхдээ өнөөдөр бид өдөр тутамдаа цаасан мөнгийг хэрэглээд зогсохгүй ихэнхи хүмүүс цаана нь явагдаж буй нарийн системийг нь ойлгохгүй хирнээ үнэ цэнэд нь итгэн энэ цаасны төлөө үхэн хатан ажиллаж, цуглуулж, хуримтлуулж өөртөө аль болох ихийг олж авахаар зүтгэсээр байдаг. Мөнгө нь үнэ цэнээ хадгалах (маргааш эсвэл ирээдүйд ч өнөөдрийнх шигээ худалдан авалт хийх чадвартай байх), солилцоо хийх (төлбөр тооцоо хийж чаддаг байх), үнэлгээний нэгж болох (худалдаанд байгаа аливаа бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг хэмжиж чаддаг байх) гэсэн гурван гол шинжийг агуулж байдаг.

Тэгвэл биткоин нь эдгээр шинжийг агуулдаг бөгөөд шинэ үеийн мөнгө байж болох юмаа гэдгийг олон нийт хэдийнэ хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 1201 биткоин АТМ байгаа бөгөөд, өдөр бүр дунджаар 300000 худалдан авалт, гүйлгээ биткоиноор хийгдэж, биткоин хэрэглэгчдийн тоо хэдийнэ 100 сая хол давжээ.

М.Баясгалан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ